
Манай улсын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой өнгөрч буй 2013 онд тохиож уран бүтээлийн арвин их олзтой байлаа.
Тэгвэл хагас зуун жилийн түүхтэй тус театрын уран бүтээлчид 2014 оны тоглолтоо Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурийн цомнолыг Францын зохиолч А.Дюмагийн хүү Камелийн “Цэцэгт хатагтай” зохиолоор Ф.Фиевэ бичжээ. Энэхүү дуурийн анх 1853 оны гуравдугаар сарын 06-нд Венец хотын театрт тоглож байсан бол манай тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 09-нд амилсан түүхтэй. Ирэх нэгдүгээр сарын 4-5-нд тоглох “Травиата” дуурийг УГЗ Н.Туулайхүү удирдаж, найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллах юм байна. Дүрүүдийн хувьд Виолеттад СТА Б.Эрдэнэтуяа, Флорад СТА Р.Доржхорлоо, Альфред Жермонд Г.Шижирболд, Жорж Жермонд СТА Э.Анхбаяр, Баронд МУГЖ Э.Амартүвшин, Гренвильд СТА Ч.Чинзориг нар тоглох аж.
Шинэ оны эхний өдөр ”Уран хас” балетыг тоглоно
Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Уран Хас” балетаа үзэгчдийн хүртээл болгож, Монголын сонгодог урлагт мөнхийн бэлэг барьсан түүхтэй. Дөчин жилийн турш ДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй энэ бүжгэн жүжгийг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэсэн билээ. Нутаг хошуундаа “уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаагийн амьдралын тухай энэ бүжгэн жүжигт өгүүлдэг. Мөн далавч урлан нисэх хүсэл өвөрлөсөн Хас ямар зовлон, бэрхшээл амсдагийг ч харуулсан байдаг. Хоёр бүлэг, гурван үзэгчдэлтэй энэ бүжгэн жүжигт 12 жилийн амьтдын болон ардуудын найр наадам гэх мэт олон бүжиг бий. Түүнчлэн монголчууд энэ бүжгэн жүжгийн удиртгал хөгжмийг андахгүй сайн мэддэг. Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баярын хамгийн уянгалаг аялгуугаар “Уран Хас” балетийн удиртгалыг нэрлэж болох юм. Тэгвэл “Уран Хас” балетыг шинэ оны эхний өдөр буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр УДБЭТ-т 17.00 цагаас тоглох гэж байна.
Энэ удаа тус балетын удирдаачаар СТА Ц.Мөнхболд, туслах найруулагчаар СТА Ш.Оюунтуяа, СТА Б.Жаргал нар ажиллана. Харин гол дүр буюу Хас уран залууд СТА А.Өлзий-Орших, Хандармаад Г.Батчимэг, Хандад СТА Р.Байгальмаа нар тоглох аж. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид ХБК-ийн оюутнууд оролцоно.