Орхон аймгийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

1. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль”-ийг нэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгуульд АН –аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулж улиран сонгогдсон. Тэрээр Үндэсний бөхийн аварга, нэр хүндтэй тамирчин болон төрийн тэргүүний сонгуульд анхны эмэгтэй нэр дэвшигчийг 50.23 хувиар ялсан юм. Орхон аймагт Цахиагийн Элбэгдоржийн төлөө 22084, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэд 16274, Нацагийн Удвалд 4092 хүн саналаа өгчээ. Төрийн тэргүүнээр хоёр дахь удаа сонгогдсон Цахиагийн Элбэгдорж “Ерөнхийлөгчийн тангараг өргөх” ёслолын үеэр “Монгол улсын төлөө зүтгэх ээ” амласан юм.

2. “Иргэний танхим, шууд утас, цахим сайт”-ыг нэрлэж байна

Орхон аймгийн ЗДТГ, ИТХ нь “Иргэний танхим” Иргэдийн санал, хүсэлтийг сонсох 7035-3511 утас, цахим сайт ажиллуулж байна. Сайт болон шууд утсанд ирсэн гомдол мэдээллийг цаг тухайд нь шийдвэрлэх цаашдын бодлогодоо ашиглаж байна. АИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ыг 19 сая, Баян-Өндөр сумын “Иргэний танхим”-ын дотоод тохижилт болон бусад зардалд нийт 62 сая төгрөг зарцуулжээ.

3. “Анхдагчдын анхдугаар чуулга” уулзалтыг нэрлэж байна

Одоогоос 39 жилийн өмнө Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн илгээлтээр Эрдэнэт хотод 1000 залуу ирж байсан түүхтэй. Үүнээс хойш ахуй үйлчилгээ, Орон сууц,нийтийн аж ахуй зэрэг албан байгууллагуудын анхны ажилчид Булган, Хөтөл, Дархан хотоос иржээ. Аймгийн удирдлагууд ирэх оныг “Анхдагчдын жил” болгож дээрх холбоодын үйл ажиллагаанд зориулж 150 сая төгрөг төсөвлөжээ.

4. “Нийтийн эзэмшлийн талбайн нэршил” өөрчилснийг нэрлэж байна

Энэ онд улсын хэмжээнд хөшөө дурсгалын нүүлгэн шилжүүлэлт, талбайн нэршлийг өөрчилсөн үйл явдал цөөнгүй тохиолдсон. Тухайлбал, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон бол Орхон аймагт Найрамдал талбайг Амар сайдын нэрэмжит талбайг болгож мөн түүний хөшөөг Нутгийн удирдлагын ордны өмнө заллаа. Харин А.Амар сайдын хөшөө байрлаж байсан уг газарт Анхдагч илгээлтийн эздийн хөшөөг шинээр бүтээж суурилуулаа. Уг хөшөөг бүтээхэд 30 сая төгрөг зарцуулжээ. Мөн энэ оны 2 дугаар сараас эхэлж Найрамдал талбайд авто машин зогсоохыг хориглосон.

5. “Төрийн өмчийн 3, хувийн 4 цэцэрлэгт 1000 хүүхэд шинээр хамрагдсан”-ыг нэрлэж байна

Цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулж байсан Боловсрол, Соёлын Газар, 6, 9 дүгээр бага сургуулийг чөлөөлж зориулалтаар нь ашиглалаа. “Оюу”, “Дэгдээхий” цэцэрлэгт тус бүр 280 хүүхэд энэ хичээлийн жилд суралцаж байна. Дээрх цэцэрлэгийг тохижуулж, зориулалтаар нь ашиглахад орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг заруулжээ. Мөн гэр хорооллын 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл дуусч 100 гаруй хүүхэд хүлээн авлаа. Ингэснээр Орхон аймаг төрийн өмчийн цэцэрлэгийн тоогоо гурваар нэмж 800 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадлаа.

6. “Зүүд шиг өдрүүд” хүүхдийн уран сайхны киног нэрлэж байна

Эрдэнэтийн уран бүтээлчид анх удаа хүүхдийн олон ангит уран сайхны кино бүтээлээ. “Зүүд шиг өдрүүд” уран сайхны кино нь Монголын кино урлагийн хаалгыг тогшсоноороо 2013 онд соёл, урлагийн салбарт өнгө нэмсэн. “ЕТВ” телевизийн санаачилгаар бүтсэн уг кино нийгмийн захиалга байв.

7. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойг нэрлэж байна

Ойн хүрээнд бэсрэг наадам, олон практикийн бага хурал, “Бахархан дуурсах 35” соёл, урлагийн арга хэмжээ боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрдэгийхээ үр дүнд монголын төрөөс “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” -оор шагнуулсан юм. 35 жилийн түүхийн хугацаанд 700 сая тонн хүдэр боловсруулж 14.2 сая тонн зэсийн баяжмал экспортонд гаргаж 110 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын болон орон нутгийн төсөвт 4.3 их наяд төгрөгийг татвар, ногдол ашигт төлсөн байна.

8. 8а “Эко хороолол”, 7а “Евро эко хороолол”-ыг нэрлэж байна

Улиран одож буй 2013 онд 382 айлын орон сууц эзэндээ очлоо. “Эрдэнэт хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ” хөтөлбөрийн хүрээнд 7 а буюу “Евро эко хороолол”, Баян-Өндөр “Эко хороолол”-ыг эхлүүллээ. 8а буюу Баян-Өндөр “Эко хороолол”-ын инженерийн шугам сүлжээний ажилд 2.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Шинэчлэлийн Засгийн газар Орхон аймгийн барилгын салбарт энэ жил 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

9. “Цэвэрлэх байгууламж”-ийн өргөтгөлийг нэрлэж байна

Хорин гурван жилийн турш яригдсан Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн шавийг тавьлаа. Хоногт 48000 м3 цс цэвэрлэх хүчин чадалтай уг өргөтгөлд 26.2 тэрбум төгрөг зарцуулагдана. Үүний 17 тэрбум буюу 9 сая 350 мянган еврог Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, үлдсэнийг нь Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлнэ. Аливаа улс хүн амын өсөлтөө тооцож 5-10 жилийн өмнө инженерийн дэд бүтцээ байгуулдаг. Үүний дагуу эл өргөтгөлийг хийж ойрын 50 жилд ашиглана гэж тооцсон байна.

10. “11 аймгийн 120 сум 2030 он хүртэл цахилгаан эрчим хүчний нөөц”-тэй болсоныг нэрлэж байна

Монголд анх удаа “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарт буюу “Эрдэнэт” дэд станцад 200000 кВА хүчин чадалтай хоёр автотрансформаторыг суурилууллаа. Үүнийг улсын төсвийн зургаан тэрбум төгрөгөөр хийжээ. Энэ автотрансформаторыг суурилуулсанаар 11 аймгийн 120 гаруй сумын цахилгаан эрчим хүчийг найдвартай хангах боломжтой боллоо. Ингэснээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 2025-2030 он хүртэл хангах нөөцтэй боллоо.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж