Буянтны ам хаалттай, сэтгэл нээлттэй байдаг

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Буянтны ам хаалттай, сэтгэл нээлттэй байдаг

Манай дарга түшээдийн өгөөмөр нинжин сэтгэл баяр болохоор их илэрдэг. Эмзэг бүлгийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлээд боодолтой бэлэг бариад шогшицгооно. Өөх өгсөн хүнтэй маргаад байгаа хэрэг биш. Гэхдээ хэллэг дээрээ анхаармаар санагдаад болдоггүй, хэвлэлийнхээ мэргэжил нэгтнүүдэд ч уриалъя. Бэлэг сэлт өгч баярлуулж байгаа бол заавал эмзэг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэх зэргээр цоллож, дуудахаа болъё гэж. Эрээнтэй бараантай амьдрал, тэгш бус хорвоогийн жамаар нийгэмд хайр халамжаас гадна өсч торниж, алдаж оносон хүүхэд нялхаст, эсвэл оюун, бие бялдрын бэрхшээлтэй нэгэндээ заавал ямар нэг тодотгол өгөх хэрэг байна уу. Мэдээж тэдэнд зориулсан халамжийн хууль ч юм уу, бодлого гаргах зэрэг тусгайлсан нэр, хэллэг  хэрэглэх шаардлага байлгүй яахав. Гарцаагүй тэр үед ашиглана биз. Өөр цагт ялангуяа баяраар тэд бусдын л адил хөөрч баярлаад, гүйлдэж явахад нэг их өрөвдсөн ах эгч нар очоод л эмзэг мэмзэгээр нь дуудаад, өрөвдөөд байдаг хэтэрхий харгис биш гэж үү. Ёстой жинхэнэ утгаараа сэтгэлийг эмзэглүүлж, бусдаас өөр гэдгийг  мэдрүүлж, баярыг нь гуниг болгодог ч юм бил үү. Үнэндээ тэд энэ үг ямар учиртай, өөрсдөө тийм ангилалд ордгоо бага нь мэдэхгүй, том нь мартаж амьдардаг. Тэгээд хөөрхөн цэвэрхэн хувцасласан, сэргэлэн цовоо байлаа ч гэх шиг сэтгүүлчид маань өхөөрдөх юм. Муу хувцастай, нунж дорой харагдах байсан юм болов уу. Үнэхээр бодмоор байна шүү.  

Эртхэндээ монголчуудад хүн өрөвдөхөд баярладаг, өрөвдүүлэхдээ дуртай зан араншин давамгай байсан. Харин одоо юу л бол. Нийгэм хөгжихийн хэрээр хүний зан характер тэс өөр байдлаар төлөвшин тогтож байна. Нийгмийнхээ өнгийг дагаад. Одоогийн хүүхдүүд өрөвдүүлэх сэтгэлгээнд дуртай байх нь юу л бол. Миний хэлж буй хэтэрхий муухай санагдаж болох ч ер нь өрөвдөх тусам өсөрхөл төрдөг жамтай. Яагаад ийм байдалд хүрэв, хэн  намайг ийм болгов ч гэдэг юм уу. Тэхээр болгоомжтой хандаж, эргээд бий болох сөрөг үр дагаврыг ч бодох хэрэгтэй юм шиг.

Гадаад ертөнц ялангуяа баруунд ямар байдаг тухай бид мэднэ. Туслах гэсэн хүнд дорд үзлээ гэсэн байдлаар хариу хандаж, дургүйцдэг. Нийгэм нь, улсын бодлого нь өөрөө тийм сэтгэхүйг улам өөгшүүлдэг. Огт анзаардаггүй, гэхдээ цаагуураа маш сайн нийгмийн хамгааллын  бодлоготой. Харин тэрийгээ зарлаад, нэр томъёо өгөөд, улстөрчид нь баяраар бэлэг барьж давхиад камерт зургаа авахуулдаггүй.

Манайхан бас тийм хүмүүсийг нийгэмшүүлнэ гэж ярина. Нийгэмдээ л ажиллаж, амьдарч байгаа биздээ. Зүгээр л зарлаад байлгүй харин орчныг нь бүрдүүлэхдээ анхаарах хэрэгтэй байх. 

Хүүхдийн төлөө газрын дарга нийгмийн эмзэг хэсгийнхэнд шинэ жилийн бэлэг гардуулав. Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дутуу нярайн тасаг, Хүүхдийн төв сувилахаар оров гэсэн мэдээ явна. Энэ хүн ажлаа хийж байгаа юм биш үү. Өөрийнхөө очих ёстой газраар орж. Яагаад тэгтлээ  баярлаад хэвлэлээр мэдээлэх, мэдээлүүлэх хэмжээнд тулав. Дутуу нярай ч яахаараа эмзэгт багтах болов, эцэг эх нь анзаарвал дургүйцнэ дээ гэх мэт бодох юм байна шүү.

Ер нь тэгээд буянтны сэтгэл нээлттэй ам хаалттай байдаг ба тийм үйлсийн үнэ цэнэ нь өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэн дуудлага худалдаанд оруулдаггүй аж.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж