Баяраар үзэх юмтай байхсан

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Баяраар үзэх юмтай байхсан

Саяхан номын дэлгүүрт хуучны танилтайгаа таарав. Баярын үеэр гэртээ амрахдаа унших ном хайж яваа юм байх. Зурагтаар олигтой нэврүүлэг гарахгүй, гарлаа ч улиг болсон гадаадын хуучин кино эсвэл солонгос сериалаар тархи угаадаг болохоор ном уншсан дээр гэдэг нөхөрсөн зөвлөгөөг өглөө. Нээрэн ч бодоод байх нь ээ, манай телевизүүдэд баярын нэвтрүүлэг гэж олигтой юм байдаггүй шүү дээ. Гадуур ханиад томуу их байгаа болохоор баярын өдрүүдэд айл хэсч явахаас илүү гэртээ зурагт үзсэн шигээ өнгөрөөмөөр л байна. Гэвч ингэхэд үзэх нэвтрүүлгүүд байна уу.  Хөтлөгч нь хэтэрхий маазарсан, уйтгартай сунжруу яриатай, бие биенээсээ ялгарах юмгүй нэвтрүүлгүүдийг баяраар залхтал үзүүлнэ.

Монголд маш олон телевиз бий. Агаарын, кабелийн гээд тообол урт жагсаалт гарах байх. Гэвч айл болгоны хойморт урилгагүйгээр залардаг телевизийн энэ олон сувгууд харин баяраар хэлэлцсэн юм шиг яг адилхан кино, яг адилхан мэдээлэл цацахыг яана. Зарим нэг телевиз солонгос савангийн дуурийг хичнээн удаа гаргадаг юм бүү мэд. Миний мэдэхийн нэг телевиз “Мөрөөдлөөс илүү” гэсэн солонгосын савангийн дуурийг мөн ч олон удаа үзүүлсэн дээ.

Шинэ жилээр “Гэртээ ганцаараа” эсвэл “Мөлхөө жаал” гэсэн гадаадын киног улиг болтол үзүүлэх. Харин сар шинээр хэдэн хуучны монгол киног залхтал гарна. Эсвэл хэдэн яруу найрагчийн урьж авчраад болсон болоогүй шүлгүүдийг нь уншуулаад л болчихно. Шүлэг сонсох дуртай нэгэн байхад дургүй хүн ч цөөнгүй байгаа шүү дээ. Ямар ч хүч хөдөлмөр зараагүй нэврүүлгүүд яаж ч зохиомжтой байх билээ. Тийм болохоор Монголын телевизүүдийн баярын программуудад хүний анхаарал татах нэвтрүүлэг байхгүй байгаа хэрэг.

Саяхан телевизүүдийг шилдгүүдийг тодруулах “Алтаншонхор наадам” болсон. Уг наамдын талаарх мэдээний доорх нэгэн уншигч “За тэгээд баяраар бүх телевизүүд энэ наадмаа залхтал битгий гаргаарай даа” гэж ирээд л захих анхааруулахын засвар сэтгэгдлээ үлдээсэн байна билээ. Үнэн шүү дээ, өнгөрсөн шинэ жилээр гэхэд  хоорондоо хэлэлцсэн юм шиг телевизийн суваг болгон дээр “Алтан шонхор” наадам гарсан. Мэдээж, өөрсдийнхөө амжилт бүтээлийг сурталчилах нь телевизүүдэд чухал ч гэлээ ганц баярын өдрөөрөө тийм зүйл үзээд байх нь хэнд ч тааламжтай биш. Мэдээж, хүн болгоны сонирхол өөр. Харин тэр сонирхуулуудыг нэгтгэж чадах, мянгя, мянган үзэгчийнхээ нүд сэтгэлийг баясгаж чадах  зохиомж сайтай нэвтрүүлгүүдийг шинэ жилийн баяраар үзмээр байна.  Учир нь манай телевизийнхэн мундаг байлаа гэж хэлэхийн тулд шүү дээ. Тийм ч учраас баяраар үзэх юмтай байхсан гэж хэлмээр байна.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж