
ОХУ-ын Волгоград хотын төв вокзалд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 17 хүний аминд хүрсэн халдлагаас нэг хоногийн дараа мөн тус хотод троллейбус дэлбэрч 11 хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Шинжээчид даваа гаригт болсон халдлагын амиа золиослогч эрэгтэй хүн байсан гэж таамаглаж байна. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн багийнхан гаргасан дүгнэлтдээ “Дэлбэрэх төхөөрөмжийг зүүж явсан этгээд эрэгтэй хүн байсныг хэргийн газраас цуглуулсан эд мөрийн баримтын генетикийн шинжилгээгээр тогтоосон” гэжээ. ОХУ ирэх хоёрдугаар сард Сочи хотод өвлийн Олимпыг зохион явуулахаар төлөвлөж, бэлтгэж буй ийм үед дээрх халдлага гарсан нь тус улсад наадмыг зохион явуулах асуудлыг ээдрээтэй болгож байгаа аж. Волгоград хот нь өвлийн Олимпын наадам зохион явуулахаар бэлтгэж буй Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотоос хойш 400 милийн зайд оршдог юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар троллейбус дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний дунд нэг ойтой нялх хүүхэд ч бий гэнэ.
ОХУ-ын телевизээр цагаан хөх өнгийн троллейбусын шатаж, дэлбэрсэн хэсгүүд, дээврийн төмөр болон цонхны бутарсан хэсгүүд гудамжаар нэг тарсан дүр зургийг харуулжээ. Одоогоор дэлбэрэлтийг ямар этгээдүүд үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. ОХУ-ын хэвлэлээр мэдээлснээр Чеченийн зэвсэгт босогч Доку Умаров ОХУ-д тэр тусмаа Сочийн өвлийн Олимпын үеэр халдлага үйлдэхээ хэдхэн сарын өмнө мэдэгдэж байсан гэнэ. Учир нь өвлийн Олимпын наадмыг Сочи хотод зохион явуулах нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгийн их санаа тавьж буй төслийн нэг билээ. Дээрх халдлагын улмаас ОХУ-ын эрх баригчид нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай арга хэмжээ авахад хойрго хандсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. ОХУ-д вагон, онгоцоор зорчигчдод зорчих тасалбар худалдаж авахдаа пасспорт заавал шалгуулах журам хэдэн сарын өмнөөс нэвтрүүлсэн боловч хэрэгжилт удаашралтай байгаа юм.