ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга /ХЦДБЧ-/ыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн очиж тус чуулгын туганд одонг зүүж өгөв.

Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Мөн энэ үеэр МонголУлсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайханыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын дуучин, ахлах ахлагч Д.Мартыг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ 2013 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн тэгш ой, Хилийн цэргийн 80 жилийн ой тохиосон бэлгэ дэмбэрэлтэй сайхан жил боллоо. Хилийн цэргийн 80 жилийн ойг тохиолдуулан Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг МонголУлсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг гардуулах хүндтэй үүргийг хэрэгжүүлсэндээ их баяртай байна.

Улс гүрэн болгон өөрийн армитай, өөрийн хилийн цэрэгтэй, өөрийн хилийн дээстэй байдаг. Өнөөдөр Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж, 71 дэх жилдээ олон түмнээ баясгаж байгаа ХЦДБЧ бол үе үеийн олон мянганыг өртөөлсөн манай хилчдийн халааг залгамжилж, гал голомтыг сахиж, нэр төртэй авч явж байгаа хамт олон юм. Цэргийн гавьяаны одонг зөвхөн өнөөдөр ажиллаж байгаа биш, өмнөх он жилүүдэд, бүр “Хилийн цэргийн дуу, танцны ансамбль” гэсэн орос нэртэй байхаас  нь ажиллаж, энэ хамтлаг, дуу бүжгийн чуулгатайгаа амь, амьдралаа холбож ирсэн үе үеийн ахмад уран бүтээлчдийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн шагнал гэж ойлгох хэрэгтэй.

Байгууллагыг шагнах тохиодол ховор байдаг. Энэ одон бол энд ажиллаж байгаа болон амьдрал, уран бүтээлээ өмнө нь зориулсан нийт хүмүүсийн гавьяаг төр, засаг өндрөөр үнэлсэн шагнал юм.

ХЦДБЧ-ын танилцуулгыг өмнө уншиж байхад монгол цэргийн мөр хаана хүрсэн газар бүхэнд энэ чуулганыхан дуу хуураа эгшиглүүлж, бүжиг танцаа бүжиглэдэг байсан. Монгол Улсын  дөрвөн зүг, найман зовхисоос гадна Чөлөөлөх дайны үед хилийн дээсний гадна тоглож байсан. Баруун хязгаарыг тохинуулах дайн, байлдааны үйл ажиллагаанд оролцож байсан. Урлаг уран сайхны авьяасаараа хилчид, хил орчмын ард иргэдийг соёл урлагаар үйлчилж байсан. Хилчин дайчдыг эх орноо, хилээ хамгаалахын төлөө дайсны өөдөөс гал сөрөөд явахад сэтгэлийн хүч өгч, зоригжуулаад явуулдгаас гадна шаардлага тохиолдсон үед өөрсдөө буу зэвсэг бариад тулгаралтад орж байсан гайхамшигтай хамт олон юм.  Ийм учраас та бүхнээр бахархаж, баярлаж байна. Энэ шагналыг бас цаашид хийх ажлын урьдчилгаа гэж ойлгох хэрэгтэй.

Хилийн цэргийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нийт хилийн цэргийнхэн болон өнөөдөр төрийн дээд одонгоор шагнагдсан Дуу бүжгийн чуулгын хамт олон, өмнө нь ажиллаж байсан хүмүүст, цаашид ажиллах бүх хүмүүст урлаг, спортын, цэргийн эрдмийн, эх оронч үзлийн, хилч үзлийн, Монгол Улс хөгжин дэвжихийн, энэ бүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж, оройлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та биднийг хөх мөнх тэнгэр, бидний өвөг дээдэс харж ивээх болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ.



Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж