Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

“Алтан гадас”

Нарт ертөнцөд олдошгүй нандин сайхан алба бол гагцхүү багшийн алба. Тиймээс ч бид багшийн эрдэм шавиас гэж ярдаг. Энэхүү нандин албыг 30 жилийн турш хийж, тав, бүр зургаан ч үеийн залуусын төлөөллийн сургаж, хүмүүжүүлсэн нэгэн эрхэм багш шинэ оны босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнуулав. “Орчлон” сургуулийн бага ангийн багш  С.Тунгалаг. Түүний мянга мянган шавь, мянга мянган шавь нарын эцэг, эхчүүд энэ шагналын төлөө алга ташин суугаа биз ээ. Бусдын хүүхдийг хүн шиг хүн, иргэн шиг иргэн болгох гэж тэмүүлэн, алсын замд Алтан гадас од хөтөлсөн түүнийг төр засаг ийнхүү шагналаа. С.Тунгалаг багшийг 30 гаруй жил боловсролын салбарт, тэр дундаа бага, дунд боловсролын салбарт  оруулсан хувь нэмэр, сурган хүмүүжүүлэх их үйлсийг нь үнэлэн ийнхүү төрийн “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаасан байна. С.Тунгалаг багшийг хамт олон нь сурлагын 100 хувийн  амжилт, 81-93 хувийн чанартайгаар дунд ангид дэвшүүлсэн төдийгүй дээрх үзүүлэлт хөндлөнгийн үнэлгээ болон Кембрижийн Олон Улсын шалгалтын дүнгээр тогтмол сайн үнэлэгдэж ирсэн нь багшийн сургалт, хүмүүжлийн ажил чанартай явагддагийг харуулж байдаг  гэж дүгнэдэг юм билээ.

С.Тунгалаг багшийн боловсролын хөгжилд оруулсан хувь нэмэр, заах арга, ур чадвар, сургалт, төлөвшлийн үр дүн, чанар, бүтээлч үйл ажиллагаа, шинэ санаачилга, боловсролын шинэчлэлд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Шилдэг багш” алтан медаль, “АБТА” цол тэмдэг, УБ хотын ажил мэргэжлийн аварга зэрэг түүний гавьяа шагнал тасрахгүй. Багш С.Тунгалагийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн 29 жилийн үйл ажиллагаа, хөдөлмөрч чанар, ажлын үр дүнг үнэлж ийнхүү шинэ оны босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнасан байна.  “Орчлон” сургуулийн С.Тунгалаг багшийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Маш их баяраллаа. Би боловсролын салбарт бага ангийн багшаар 30 дахь жилдээ сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна. “Орчлон” сургуульд долоо дахь жилдээ хоёр дахь төгсөлтөө аваад ажиллаж байна. Олон жил бага ангийн багш хийж, олон шавь нараа хүмүүжүүлсний ач гавьяаг маань үнэлж төрийн одонгоор шагнасанд маш их баярлаж байна. Шавь нарын маань сурлага хөдөлмөрийн үр дүн,  миний ажлын үр дүн энэ шагналаар илэрч байна гэж бодож байна.

-30 гаруй жилийн хугацаанд хэр олон шавь нар бэлтгэсэн байна вэ?

-Нийт найм дахь ангиа аваад ажиллаж байна. Бага анги гурван жилтэй байхаас таван жил хүртэл нь төгсгөсөн  найм дахь анги бол “Орчлон” сургуулийн “2А” анги болж байна.

-Боловсролын салбарт, сурган хүмүүжүүлэх их үйлсийг тань үнэлж төрийн одонгоор шагнаж байна. Өнгөрсөн хугацаанд бага, дунд боловсрол хэр шинэчлэгдэж, та үүнд хэрхэн оролцож ирэв?

-Манай боловсролын салбарт жилээс жилд шинэчлэл хийж ирсэн. Ялангуяа “Орчлон” сургууль бол боловсролыг тэргүүлэгч, сурагчдынхаа зам мөрийг зөв чиглүүлэн тэргүүлдэгээрээ давуу талтай. “Орчлон” сургууль нь Кембрижийн хөтөлбөртэй, олон улсын хос хэлний сургалттай гээд орчин үеийн хөгжлөө дагаад боловсрол ч мөн шинэчлэгдэж байна. Энэ сургуульд орж багшилснаараа багшийн ажлын үнэлэмж, агуулга, сурагчдын сурах арга барилыг яаж  анхаарах вэ гээд бусад багш нараасаа сурах, хамтран шинэчлэх, боловсруулах ажилд хувь нэмрээ оруулж ажиллаж ирэн.

-Шинэ оны босгон дээр Алтангадас одонгоор шагнуулсан тань баяр дээр баяр нэмж, өнөөдөр сурагчид тань амжилтаа дүгнэж байна. Та шавь үе үеийн нартайгаа манай сайтаар дамжуулан сэтгэгдлээ хуваалцаач?

-Ирж буй 2014 онд  “Орчлон” сургуулийн хамт олон маань өнгөрсөн онд гаргасан амжилтаа ахиулж, амжилтын гарааг залгуулж, үргэлжлүүлж авч явах болтугай гэж хүсэн ерөөе. Мөн хамт олондоо, сурагчиддаа шинэ жилийн мэнд дэвшүүлж, улам их амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөе. Сурагчид маань сурлага, урлаг, спортын амжилтаа ахиулж, эцэг эхээ баярлуулж,  эх орондоо хэрэгтэй хүн болохыг хүсэн ерөөе гэв.

Үнэхээр түүний хэлсэнчлэн олон зуун шавь нар нь эх орныхоо ирээдүй нь болж хөгжилд хүргэх Алтан гадас нь байх болтугай…
 


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж