Нийгэм, улстөрийн “Удирдагч” сэтгүүлийн ээлжит шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. 2013 оны сүүлийн дугаартаа тус сэтгүүл өнгөрч буй оны бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон нэрлэсэн байна. Үндэсний бүтээн байгуулалтаас улс орны хөгжил дэвшлийн учиг хөвөрнө. Тиймээс хэн их бүтээн босгоно, тэр аж ахуйн нэгж, төрийн зүтгэлтэн улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Ийм ч учраас “Удирдагч” сэтгүүл жил бүрийн арванхоёрдугаар сард Үндэсний бүтээн байгуулагчдыг нэрлэж байхаар болжээ. 2013 оны Үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгжээр улс оронд хөгжлийн шан татсаар байгаа MCS группыг нэрлэсэн байна. Тус групп өнгөрч буй онд Монгол Улсыг хөгжилд хүргэх онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон тэдгээр орд газрууд орших Өмнийн говийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь жинхэнэ бодит утгаар хөгжлийн шан татсан үйл явдал болсон билээ. MCS-ийн хийсэн бүтээн байгуулалтын ачаар Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум болон Даланзадгад хот төвийн эрчим хүчний системд холбогдож, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Мөн Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоосоо хангаж эхэлж байна. Түүнчлэн уг цахилгаан станцаар дамжуулан Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэж эхэлжээ. Хамгийн чухал нэг ач холбогдол нь эрчим хүчний салбарыг гадаад зах зээлтэй холбох “гүүр” болж, урд, хойд хөршийн эрчим хүчийг холбосон олон улсын хэмжээний босоо тэнхлэгийн сүлжээ үүсгэж байгаагаараа онцлог юм. Мөн Монгол инженерүүд анх удаа зураг төслийг боловсруулж, ийм том бүтээн байгуулалтыг барьж байгуулсан нь үнэлж баршгүй нэг үнэ цэнэ болж байна.
MCS группын өнгөрч буй оны дараагийн томоохон бүтээн байгуулалт бол Улаанбаатарын шинэ нүүр царай болсон “Viva City" хороолол. Олон улсын стандартад нийцсэн инженерингийн иж бүрэн шийдэл бүхий бүрэн тавилгатай орон сууц, үйлчилгээний төв, төвлөрсөн хотхоныг барьж, боломжийн үнээр зах зээлд нийлүүлэн, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлсэн нь нийсллэчүүдийн талархлыг хүлээгээд байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч МCS компанийн барьж, байгуулсан энэхүү хороолол ашиглалтанд орсноор олон мянган залуус иж бүрэн тавилгатай, төлбөрийн таатай нөхцөл, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр боломжийн үнэтэй орон сууцтай болсон. “Вива Сити” хорооллыг барьж байгуулахад дотоодын нийт 180 туслан гүйцэтгэгч компани оролцож, 7000 орчим ажилчид ажлын байраар хангагджээ. Яармагийн дэнж дэх энэ хороолол нь аль ч талаараа цогц хотхоныг барьж байгуулж чадсан учраас учраас энэ оноос олгож эхэлсэн “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг хүртээд байна.
Мөн салхины хүчээр эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн Салхитын цахилгаан станц, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эмнэлгийн шинэ байрууд зэргийг өнгөрсөн оны бүтээн байгуулагчаар нэрлэсэн байна. Тус сэтгүүл мөн “Улсын нийслэлийг шинээр бүтээж байгаа Үүл баатар” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг онцолсон байна. Ингэхдээ Э.Бат-Үүлийн 25 жилийн улстөрийн тэмцлийн тухай өгүүлж, улсын нийслэлийг хэрхэн шинээр бүтээж байгаа тухай өгүүлсэн байна. Үнэхээр ч түүний өнгөн дээр нийслэл зүс царай орж, гол нь иргэдийн оролцоотой олон асуудал шийдэгдсээр байгаа нь ийнхүү онцлох хүн болгожээ.