“Женерал электрик” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

“Женерал электрик” Монголд ирлээ

ЖЕНЕРАЛ ЭЛЕКТРИК КОМПАНИ МОНГОЛД СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭЖ, НЬЮКОМ КОМПАНИТАЙ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДИСТРИБЬЮТОРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Женерал Электрик  компани (GE) Улаанбаатар хотноо суурин төлөөлөгчийн газраа өчигдөр нээлээ. Ингэснээр байгалийн арвин их нөөц баялагтай, Ази тивд хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаа нь энэ юм.

Женерал Электрик компанийн (GE) Монгол дахь Төлөөлөгчийн газар нь тус компанийн Монгол дахь түнш болох Ньюком компанитай нэг байранд байрладаг. Ньюком Групп нь Монголын хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон чухал салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Женерал Электрик  компани (GE) Монголын зах зээлд орж ирснээр сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, гэрэлтүүлэг зэрэг эдийн засаг, нийгмийн дэд бүтцийн салбарт дотоодын нөөц бололцоог үр ашигтай ашиглах хамгийн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжууд бүрдэх юм.  Төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, Ньюком группын Гүйцэтгэх захирал Б.Болд зэрэг хүмүүс оролцов.

Женерал Электрик компанийг (GE) төлөөлж компанийн Дэд Ерөнхийлөгч Марк Хатчинсон, Жэк Вен, компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт болон эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарын бусад удирдах албан тушаалтнууд оролцлоо. Энэ өдөр Женерал Электрик компани (GE) болон Ньюком групп эмнэлгийн тоног төхөөрөмжийн дистрибьюторын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Женерал Электрик компанийн (GE) эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн  мэдээллийн технологи Монголын зах зээлд нэвтрэх юм. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Женерал Электрик (GE) болон Ньюком  Группын хооронд эрчим хүч, усан хангамж, уул уурхай, төмөр зам, цахилгаан гэрэлтүүлэг, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохирч, гарын үсэг зурсан Хамтран ажиллах тухай санамж бичиг бодит биеллээ олж эхэллээ.

“Бид ажлынхаа эхлэлийг тавьж улмаар Ньюком групптэй хамтын ажиллагаагаа ийнхүү улам өргөжүүлж байгаадаа баяртай байна. Женерал Электрик компанийн (GE) технологи,  туршлага Монголын хөгжилд шаардлагатай хэрэгцээг хангахад тус дөхөм болно. Бид Монголын ард түмэн, манай хэрэглэгчид болон түншүүдэд үр ашгаа өгөх харилцан ашигтай стратегийг бий болгохоор ажиллана” гэж Женерал Электрик компанийн (GE) Дэд ерөнхийлөгч Марк Хатчинсон хэлэв.

Ньюком группын Гүйцэтгэх захирал Б.Болд Женерал Электрик компанийг (GE) Монгол дахь байнгын суурин  төлөөлөгчийн газраа байгуулсанд баяр хүргээд, энэхүү компанийг дагаад Монгол Улсад бий болох инноваци, ногоон технологи, бизнесийн ухаалаг шийдлүүдийн  үнэ цэнэ, ач холбогдлыг онцгойлон дурьдав. Тэрбээр “АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц буюу 751 тэрбум долларын хөрөнгөтэй,  1 хувьтай нь тэнцэхүйц буюу 150 тэрбум долларын борлуулалттай Женерал Электрик компани нь (GE) инноваци, үр ашиг, шинэлэг санаа, мэдлэг ноу-хаугийн уурхай болсон нэр хүндтэй брэнд юм. Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авахуулаад онгоцны хөдөлгүүр, галт тэрэгний зүтгүүр, салхин сэнс, дүрс оношлогооны хамгийн өндөр нарийвчлалтай аппарат зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэхүү компани мэдлэгт суурилсан эдийн засгийг байгуулах хөгжлийн зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд нь Монгол Улсад маань ихээхэн тус нэмэр болно. Бидний хамтын ажиллагаа, хамтын ирээдүй өөдрөг гэгээлэг, урт настай удаан жаргалтай байх болно гэдэгт итгэж байна” гэв.

* * *

Монгол Улс нь дэлхийд томоохонд тооцогдох нүүрс, зэсийн ордуудтай бөгөөд салхины эрчим хүчний асар их нөөцтэй юм. Гурван сая орчим хүн амтай, Орос, Хятад улстай хил залган Хойд Азид орших Монгол Улс газар нутгаараа Азид тавд жагсдаг.  Эрчим хүч, байгалийн ашигт малтмалын хэрэгцээний огцом өсөлт Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь ойрын арван жилд зургаа дахин өсөх төлөвтэй байна.

* * *

Женерал Электрик (NYSE: GE) компани нь дэлхийн хүнд сорилтуудыг даах чадвартай дэд бүтэц, санхүү болон мэдээллийн чиглэлээр төрөлжсөн компани юм. Онгоцны хөдөлгүүр, эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний шийдлүүд, телевизийн програмчлал зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, (www.ge.com) ЖЭ компани нь 100 гаруй оронд 300,000 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.

* * *
Ньюком групп нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад дэлхийн тэргүүлэх технологи, инноваци, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхийг зорьсон урт хугацааны хөрөнгө оруулагч юм. Ньюком групп нь (www.newcom.mn) 2000 гаруй ажиллагсадтай бөгөөд цахилгаан холбоо, мэдээллийн технологи, агаарын тээвэр, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон чиглэлээр амжилттай ажиллаж байна. Компанийн төв байр нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж