Эмэгтэй гишүүдэд “ташуур” өгөв

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүдэд “ташуур” өгөв

Г.Алтанхүү гэгч балмад этгээд 21-хэн настай найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжээчид "Талийгаачийн үхэл найз залуугийнх нь зодож, тамласнаас болоогүй" гэж дүгнэлт гаргасан талаар бид мэдээлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч “Уншаад их бухимдлаа. Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл найз залуудаа зодуулж нас барсан 21 настай Ц-ийн гэмтлийн дүгнэлтийг эсэргүүцэн Шүүхийн шинжилгээний төвийн гадаа жагсах гэж очсон эмэгтэйчүүдийг өчигдөр нийслэлийн Цагдаагийн газраас тараажээ.

Энэ үеэр жагсаал хийхээр ирсэн эмэгтэйчүүд “Бидний төлөөлөн УИХ-д суугаа 11 эмэгтэй гишүүн яагаад таг дуугүй байна вэ? Зах шатахад гүйж очдог эмэгтэй гишүүд үгээ хэлээч. Хурдан морины хүүхэд, архи, тамхины хуулийн тухайд л зэрэг зэрэг дуугарах мөртөө өнөөдрийн нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод, монгол охид эмэгтэйчүүдийн заримыг ёроолгүй зовлонд унагаж байгаа хүний наймаа, гэр бүлийн хүчирхийллийн талаар яагаад амаа үдүүлсэн юм шиг суудаг хүмүүс вэ. Эмэгтэйчүүд бидний эрх ашгийг хамгаалах гэж УИХ-д суугаа. Аль эсвэл шинэ жилийн цэнгүүн хэсч, батламж өргөмжлөл тараагаад завгүй байгаа юм уу. Монгол эмэгтэйчүүдийн зарим нь нулимстай, гунигтай, заримынх нь амь амьдрал үхлийн ирмэг дээр байна. Та 11 хаана явна вэ” гэхчилэн өөрсдийн байр суурийг илэрхийлж УИХ-ын эмэгтэй гишүүдийг үүнд анхаарлаа хандуулахыг шаардав.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж