Шинэчлэлийн сайдууд юу бүтээв

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн сайдууд юу бүтээв

Шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтайгаас 17 нь давхар дээлтэй. Тодруулж хэлбэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх нараас бусад нь давхар УИХ-ын гишүүн гэсэн үг юм. Мөн цөөнхийн бүлгийн гишүүдийн шүүмжилдгээр сайд бүхэн найм хүртэл байнгын хороо, дэд хороонд харьяалагддаг. Чухам ямар авъяас билгээр сайдынхаа ч УИХ-ынхаа ч ажлыг давхар амжуулдгийг таашгүй боловч 2013 онд Шинэчлэлийн сайдууд юу бүтээснийг тоймлохыг хичээлээ.


Н.Алтанхуяг: Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүрэн эрхийнхээ хугацаанд “Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ” гэх амлалт өгсөн юм.  Гэвч олон улсын төвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч –В рүү шилжсэн, хөрөнгө оруулагчид Монголыг “Найдваргүй түнш” гэж зарлах болсон, “Чалько”-д зарж буй нүүрсний үнэ хэт доогуур үнэлэгддэг зэргээс шалтгаалж олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход амаргүй байх бололтой. Нөхцөл байдал амаргүй боловч эхний ээлжинд энэ онд Япон улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын зах зээлээс 600 сая ам.доллартай тэнцэхүйц бонд босгохоор арванхоёрдугаар сарын 25-нд арилжааг эхлүүлсэн юм. Амжилттай болсон нөхцөлд Японы зах зээлээс босгосон бондоор үйлдвэржилтийг дэмжих төсөлд зарцуулна. Энэ нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлохуйц бүтээгдэхүүн бий болгох төсөлд зарцуулна гэсэн үг юм.

Хэдийгээр бондыг зарцуулах зорилго нь зөв боловч тэр болтол дотоодынхоо эдийн засгийг сульдаахгүйн тулд Засгийн газар ямар бодлого дэвшүүлж ирэх онд ажиллах вэ гэдэг чухал болоод байна. Энэ оны хувьд Шинэчлэлийн Засгийн газар зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд Монголбанктай хамтран дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнээс бусад төрөлд амжилт олсонгүй. Жишээ татахад, “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт” орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд барилгын материал үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон хэдий ч байрны үнэ хамгийн багадаа 1м2 тутамд 50 хувиар өссөн юм.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ ч тогтмол өссөөр нийслэлчүүдийн гол хэрэглээ болсон махны үнэ үхэр 1 кг нь 8500 төгрөгт хүрэв. Гурил, будаа, элсэн чихрийн үнэ ч зогсолтгүй өссөн нь ард иргэдийн худалдан авах чадварыг сульдааж цалин, тэтгэврийг хэзээ нэмэх бол гэх хүлээлт дунд амьдрал залгуулж байна. Мөн валютын ханшийн өсөлт, төрөөс ирэх дарамт шахалтаас болж үндэсний аж ахуй нэгжүүд хаалгаа барьж эхэлсэн тухай мэдээллийг сөрөг хүчний зүгээс тавиад буй. Тэдний мэдээллээр зөвхөн энэ онд 310 аж ахуйн нэгж хаалгаа барьжээ.  Арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ өсөн нэмэгдсэн тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос анхааруулах болсон төдийгүй эдийн засагчдын хувьд ирэх оны нэгдүгээр улирал дуустал Монгол Улсын эдийн засаг сэргэхгүй гэх урьдчилсан таамаглалыг дэвшүүлж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газар ирэх оны эхэн үедээ нэлээд хүндхэн давааг туулах болж байх шиг. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл ганц сонгуулийн мөчлөггүй жилээ хямралтай тулалдсаар Монгол Улсыг галзуу хөгжүүлэх том бодлогын ажлуудаа эхлүүлж чадахгүй болж мэднэ. Юутай ч ирэх онд юу хийхийг нь харцгаая.

Н.Батбаяр: Авсан зээлээ төлж чадахгүй бол өр

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлээс босгож чадсан нь сайн хэрэг боловч зарцуулалт талд үрэлгэн хандсаныг сөрөг хүчний зүгээс шүүмжилж огцруулах төслийг УИХ-д мэдүүлсэн ч парламент саяхан авч үлдсэн билээ.  Сайдынх өөрийнх нь тайлбарласнаар олон улсын санхүүгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг босгож, дотоод зах зээлээ тэтгээгүй бол 2012 оны сүүл үеэс эдийн засаг хүндрэх байсан. Энэ утгаар нь хөөж үзвэл Чингис бондыг шүүмжлэх нь зохистой биш, тэгээд ч бондын хөрөнгийг “Гудамж” төсөл хийгээд төмөр зам барих далангийн ажил, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны моргейжийн зээл зэрэг олон чухал төслүүдийн эх үүсвэр болгон ашиглаж хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр олон хүн ажилтай, орлоготой байж үр өгөөжийг нь хүртсэн гэж үзэж байна. Мөн сайдын зүгээс “Чингис бонд бол өр биш, төлж чадаагүй зээлийг өр гэж үзнэ” хэмээн тодорхойлдог. Гэхдээ “Чингис бонд”-ыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон нөхцлийг нь харвал   Монгол Улс 1.5 тэрбум ам.долларынхаа 500 сая ам.долларыг 2017 оноос 4,125 хувийн хүү тооцон төлж эхлэх бол үлдэж буй 1 тэрбум ам.долларыг 10 жилийн дараагаас 5,125 хувийн хүү бодон төлөх үүрэг хүлээж байгаа юм.

Хөдөлмөрийн сайд юу бүтээв?

Байнгын хорооны хуралдаанд тэр бүр суудаггүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг алдалгүй суудаг  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ онд нэлээд олон ажлыг амжуулж чаджээ. Шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахалж яваа ажилтай сайд нарын нэг ч гэж зарим нэг нь тодорхойлж байна. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсанаас энэ оны хувьд 40 мянга гаруй иргэнийг байнгын болон улирлын чанартай ажилтай болгожээ. Үүнээс мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдсэн залуусын тоо 7000 орчим юм байна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан хамгийн ихээр шаардах болсон ч нэгхэн жилийн дотор хэрэгцээг нь хангахуйц мэргэжилтэнг бэлтгэх бололцоо хумигдмал. Гэхдээ Ажил олгогчтой шууд гэрээ байгуулж хэрэгцээтэй ажил мэргэжлээр иргэдийн сонирхолд нь нийцүүлэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх болсноор төгсөгчид ажилгүй гэх ангилал руу шидэгдэхээ больжээ.

Энэ тогтолцоог Хөдөлмөрийн яамны зүгээс бий болгож чадсан нь өнгөрч буй нэг жилийн хугацаанд хийсэн хамгийн зөв бодлого болж амьдралд хэрэгжлээ хэмээн үнэлэх иргэд цөөнгүй байна. Таван сарын хугацаатай сургалтад хамрагдаж мэргэжилтэй ажилтан болж буй суралцагч нь эхний хоёр сард онол үздэг бол гурван сарыг нь үйлдвэрлэлийн дадлага хийж ажилдаа мэргэшихэд анхаардаг байна. Суралцагчдын хувьд гол төлөв барилга, уул уурхай, авто зам зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгджээ. 

Мөн тус яам Монголын Залуучуудын холбоотой хамтран оюутнуудыг зуны амралтаараа ажилтай, орлоготой байхад нь анхаарч өнгөрсөн зун “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлснээр авто зам, төмөр зам, барилга, уул уурхайн салбарт 1529 оюутан залуучуудыг түр ажлын байраар хангаж ажиллажээ. Оюутнууд сард 500-700 мянган төгрөгийн цалин авч сургалтын төлбөрөө олсон юм байна.

Ажлын байр шинээр бий болгох, ажлын байрыг хадгалж үлдэх боломж бол Жижиг, дунд үйлдвэрлэл гэж эдийн засагчид тодорхойлдог. Тус яаманд ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого харьяалагддаг бөгөөд зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Тодруулбал, 2016 онд 500 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьжээ. Энэ оны хувьд 84.9 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан иргэдэд олгосноор ажлын байруудыг хадгалж үлдэж чадсан төдийгүй шинээр ажлын байр бий болгож чадсан амжилттайгаар шинэ оныг тус салбарынхан угтах болж байна.

Уул уурхайн сайд юу бүтээв

Уул уурхайн салбарынхны хувьд 2013 он хүндхэн жилээр тэмдэглэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ тэгтлээ навс уначихаагүй ч олборлож байгаа бүтээгдэхүүнээ зөвхөн Хятад улсад л экспортлох боломжтой Монгол Улсын хувьд үнийн хувьд зөвхөн нэг орноос хараат болж буй тул гуравдагч хөрш рүү бүтээгдэхүүнээ гаргах сувагтай болох нь чухал гэдэг эндээс харагдаж буй юм. Үүний тулд эхний ээлжинд эрдэс баялгаа тээвэрлэн гуравдагч хөршид хүргэхэд төмөр зам барих нь чухал болж байна.

Нөгөөтэйгүүр, Оюутолгой төсөл ирэх онд саадгүй үргэлжлэх эсэхээс хамаарч Монгол Улсын эдийн засаг сэргэх эсэх мөн шийдэгдэнэ. Өнгөрсөн жилүүдэд Оюутолгой ордоос хүртэх монголчуудын ашиг сайнтай  муутайгаар яригдаж ирсэн ч Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд Оюутолгой ХХК өнгөрсөн оны наймдугаар сараас зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн нь уг салбарынхны хувьд хамгийн том олзуурхууштай ажил болохыг онцолж байна.

Мөн Дорнодын сав газарт олборлож байгаа түүхий нефтийг урд хөрш рүү экспортолж буцаан нефть болгон импортоор авах болсон нь газрын тосныхны хувьд хамгийн том амжилт аж. Тухайлбал, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 4.8 сая баррель буюу 680 мянган тонн түүхий газрын тос олборлон экспортолж улсын төсөвт нийт 190 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад олборлолтын хэмжээг 30.7 хувиар нэмэгдүүлж чаджээ.

Уг нь уул уурхайн салбарыг хөгжүүлж чадсан нөхцөлд Монголын эдийн засаг сэргэх боломж бас харагдаж буй. Үүний тулд салбарт баримтлах бодлого тодорхой байх ёстой ч  УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүд араасаа шүүмжлэл дагуулж батлагдахын даваан дээр завсарлага авахаас аргагүйд хүргэдэг жишиг тогтоогоод байна. Тухайлбал, Уул уурхайн сайд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн намар УИХ-д өргөн мэдүүлснээр парламентын төвшинд хэлэлцүүлэг эхэлсэн ч одоог хүртэл батлагдаж чадаагүй байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх  үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. Мөн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ буцаах шийдвэрийг гаргасан тул түүнийг орлохуйц Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн нь бас л барцад дагуулж мэдэхээр байна.

Үргэлжлэл бий.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж