Б.Мөнгөнзул ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнзул ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ.

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-29-ний хооронд болж өнгөрлөө. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид оролцсон тус тэмцээн зургаан насны 12 ангилалд аваргуудаа тодрууллаа.

Монгол улсаас шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар удирдуулсан 39 тамирчин оролцсоноос охидын найман насанд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин, Ази тивийн аваргын мөнгөн медальт Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж, монголчуудын медалийн буухиаг үргэлжлүүллээ. Өсвөрийн шатарын ДАШТ-нээс ОУМ Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, ФМЭ Д.Номин-Эрдэнэ 2010 онд алтан медаль, ОУМЭ А.Энхтуул 2011 онд хүрэл медаль хүртэж байсан бол Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аваргын тав дахь медалийн эзэн Б.Мөнгөнзулын хувьд "Хангарьд" клубт ОУМ Намхайн Баттулга багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийдэг байна.

Охидын найман насанд 117 тамирчин өрсөлдсөнөөс Канадын Хармони 9 хожил, хоёр хожигдолтойгоор 9 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнгөнзул найман хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтой 9 оноогоор дэд байрт шалгарлаа. Б.Мөнгөнзулын хувьд эхний өрөгт Канадын Хармонид хожигджээ. Энэтхэгийн Бхажашрий Патул 8 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа. 2012 оны сурагчдын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны улсын аварга Ганганбарсын Маралгуа долоон хожил авч, 8 оноогоор VIII байрт шалгарлаа. Хоёр дахь дэлхийн аваргад оролцсон Г.Маралгуа дасгалжуулагч Ц.Батболдын удирдлагад хичээллэдэг байна.

Хөвгүүдийн найман насанд Г.Амартүвшин XI, C.Чингүүн XVII, 10 насанд Э.Баасансүрэн X, С.Ган-Эрдэнэ XXI, 12 насанд Ү.Агьбилэг XIV байр тус тус эзэлсэн байна.

Үндсэн төрөлд 18 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Энэтхэг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн БНХАУ (3+0+0), ОХУ (1+1+3) улсууд удаалжээ. Иран, АНУ, Канад, Армени, Грек улсууд нэг нэг дэлхийн аваргатай болж, IV-VIII байрыг эзлэв. Испани улс хоёр мөнгөн медаль хүртэж IX, Монгол улс нэг мөнгөн медальтай X байрт шалгарлаа.

Үндсэн төрлөөс гадна блиц төрлийн дэлхийн аваргууд тодорсон бөгөөд Энэтхэг, Иран, ОХУ медалийн тоогоороо тэргүүлжээ.

Ч.БОЛ







2012 оны сурагчдын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны улсын аварга Ганганбарсын Маралгуа долоон хожил, хоёр тэнцээ хийж 8 оноогоор VIII байрт шалгарлаа. Хоёр дахь дэлхийн аваргад оролцсон Г.Маралгуа дасгалжуулагч Ц.Батболдын удирдлагад хичээллэдэг байна.



Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж