Лигийн өрсөлдөөн улам ширүүслээ

Хуучирсан мэдээ: 2013.12.28-нд нийтлэгдсэн

Лигийн өрсөлдөөн улам ширүүслээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн 2-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр /XII.27/ болсон эхний тоглолт "Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд" болон "Баянзүрх Их Өргөө Аравтууд" багуудын хооронд болсон. Энэ тоглолтын өмнө Хүлэгүүдэд гайхалтай мэдээ байсан нь тэдний гол тоглогчидын нэг Б.Билгүүнийг МҮСБХ болон Монголын Оюутны Спортын Холбоо тодорхойлсоны дагуу төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн Хүндэт Медаль"-р энгэрээ мялаасан юм. Хэрэвээ энэ тоглолтонд Хүлэгүүд хожвол, ганцаараа 7 хожилтойгоор лигийг тэргүүлж эхлэх боломжтой байсан. Харин Аравтууд супер лигт сул өрсөлдөөн гэж байхгүй гэдгийг харуулж, хүчтэй багуудын эсрэг тун сайн тоглож байгаа.

Тоглолтыг SBL Хүлэгүүд тун сайн эхлүүлсэн. Тэр дундаа өнгөрсөн лхагва гарагт гайхалтай тоглолт үзүүлж 44 оноо авсан Т.Санчир мөн л сайн тоглолтоо эхлүүлсэн. Тэрээр эхний хагаст 15 оноо авсан. Харин Аравтуудаас хуучны сайн тоглолтуудаа үзүүлж эхлээд байгаа багийн ахлагч А.Од эхний хагаст 17 оноо авсан. Ингэснээр эхний хагас 45:37 харьцаатай Хүлэгүүдийн давамгайллаар өндөрлөсөн.

Мөн энэ тоглолтонд Аравтууд торгуулийн шугамны араас тун муу шидэж, 42 шидэлтээс 20 оноо авах боломжоо алдсан. Гэсэн ч тэдний хурдан довтолгоонууд амжилттай болж, оноог бага багаар ойртуулж байлаа. Аравтуудаас энэ тоглолтонд Д.Мөнхтүвшин багаа тэргүүлж 20 оноо, 8 самбар,  А.Од 17 оноо, Э.Дорж-Арилд 15 оноо, Aundre Williams хамгаалалтанд тун гайхалтай байж, 13 оноо, 22 самбар, 6 бөмбөг таслалт, Э.Цэвэлдорж 13 оноо авчээ.

Харин тоглолтын төгсгөл хэсэгт Хүлэгүүдийн торгуулийн шидэлтүүд оновчгүй болж эхэлсэн. Энэ боломжийг ашиглан, нэгэнт нь тоглолт нь сэргээд байсан Д.Мөнхтүвшин, Э.Дорж-Арилд, Э.Цэвэлдорж тэргүүтэй Аравтууд дараалан олон оноо авч, гайхалтай эргэн ирэлт хийснээр, өрсөлдөгчөө 8 оноогоор илүүрхэж эхэлсэн. Харин сүүлийн 1 минут 30 секундын хугацаанд Хүлэгүүдээс Б.Билгүүн дараалан 5 оноо авсан ч хожимдсон байлаа. Хүлэгүүдээс энэ тоглолтонд Т.Санчир 24 оноо,  Б.Билгүүн 23 оноо, 6 оновчтой дамжуулалт, Horace Bond 10 оноо, 7 самбар авчээ. Ингэснээр энэ тоглолтонд "Баянзүрх Их Өргөө Аравтууд" баг 91:86 харьцаатай хожиж, улирлын 4 дэх хожлоо авлаа. Энэ хожилыг Аравтууд авсанаар, супер лигт багуудын өрсөлдөөн маш тэнцүүхэн байгаа гэдгийг нотлон харууллаа. Ингэснээр лигийн эхний 6 байрт яваа багууд бүгд 4-6 хожилтой болж байгаа юм.


Лигийн эхний 3 байрт яваа багууд бүгд 6-3 гэсэн амжилттай боллоо

2 дахь тоглолт "Увс Эрдэнэдрийлинг Ригс" болон "Говь-Алтай МонТорх" багуудын хооронд болсон. Эхний тойргийг тэргүүлэгчээр өндөрлүүлж байсан Ригсүүд 2-р тойрогт 2 хожигдож, муу эхлэл хийгээд байсан. Харин МонТорх баг үзүүштэй тоглолттой баг болсон гэдгээ энэ тойргоос харуулж, олон хөгжөөн дэмжигчидтэй болоод байгаа.

Лигийн шинэ багийн эсрэг Ригсүүд тун хүчтэй эхлэл хийж, оноогоор давамгайлж эхэлсэн. Эхний хагаст тэднээс 4 тоглогч 10-с дээш оноо авч амжсанаар, Ригсүүд 59:47-р илүүрхсэн. Энэ тоглолтонд Ригсүүдээс Chris Moore 30 оноо, 20 самбар, 5 блок, Corey Bethea 29 оноо, 11 самбар, 8 оновчтой дамжуулалт, Б.Батжавхлан 21 оноо, 6 оновчтой дамжуулалт, С.Өрнүүнбилэг 20 оноо, 8 самбар, Г.Нямбаяр 17 оноо, 10 самбар авчээ. 3-р үе 11 онооны зөрүүтэй Ригсийн давамгайллаар өндөрлөсөн энэ тоглолтын 4-р үе үнэхээр галзуу өрнөсөн. Үндэсний Супер Лигт тоглолт болгоны төгсгөл, үзэхгүй орхиж боломгүй, ширүүн өрсөлдөөнтэй дуусаж байгаа билээ.

Үнэхээр үзүүштэй тоглолтыг өрнүүлдэг МонТорх багийн тоглолт 4-р үед сэргэснээр, СТО-нд цугласан үзэгчдийг суудлаас нь босгосон. Тэд энэ үед багаараа 44 оноо авч, гайхалтай эргэн ирэлт хийсэн. Тэр дундаа Terrance Joyner 4-р үед 25 оноо авсан. Улмаар энэ тоглолтонд Terrance Joyner нийт 49 оноо авч, тэр дундаа холын зайнаас 6 шидэлтээ хийж, 34 довтолгооныхоо 15-г нь оновчтой болгожээ. Ингэснээр Joyner супер лигийн энэ улирлын дээд оноо болоод байсан өөрийн 45 оноогоо дахин шинэчлэлээ. Мөн Торхуудаас Quinton Mcduffie 17 оноо, 11 самбар, О.Нямбаяр 16 оноо, 11 самбар, Б.Батзолбоо 11 оноо, 5 бөмбөг таслалт хийлээ.

Улмаар МонТорх баг тоглолтын төгсгөлд тун гайхалтай эргэн ирэлт хийж, улмаар оноог тэнцүүлэх боломжтой байсан. Гэсэн ч Ригсүүдээс легионер төвийн тоглогч Chris Moore тийм боломж олгосонгүй, довтолгоо болон тун чухал хаалтуудыг хийж байлаа. Улмаар тун өндөр оноо авалцсан, ширүүн өрсөлдөөний эцэст "Увс Эрдэнэдрийлинг Ригс" 124:118 харьцаатай хожиж, улирлын 6 дахь хожлоо авлаа.

Ингэснээр сэтгэл сэргээм Үндэсний Супер Лигийн энэ улирлын эхний 3 байранд явж байгаа Ригс, Харцага, Хүлэгүүд багууд бүгд 6 хожил, 3 хожигдолтой болсон бол Гарьдууд 5 хожилтой, Гурван Тамир, Аравтууд багууд 4 хожилтой боллоо. Аль ч баг плэй-оффын тухай ярих эрт байгаа нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа учраас цаашид ч багууд илүү гал гарсан өрсөлдөөнүүд сагсан бөмбөгийн дээд лигт өрнөх нь гарцаагүй.

Үндэсний Супер Лигийн тоглолтууд шинэ жилийн баярыг тохиолдуулан ирэх баасан гараг буюу 2014 оны 1 сарын 3-ны өдрийг хүртэл түр завсарлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж