Шинэ жилийн баярыг мөнх ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин энэхүү гацуур маань жил ирэх тусам өнгө үзэмж, хэмжээ, хийцийн хувьд өргөн сонголттойгоор худалдаалагдах болсон. Нарантуул захын төв хаалга болон хойд хэсэгт гацуур модыг өнгө алаглуулан өржээ. Мөнх ногоон, цасан цагаан, мөнгөлөг саатай гээд сонголт ихтэй байв. Харин үнийн хувьд эргэдэг эргэдэггүй, өндөр, хийцээсээ болоод харилцан адилгүй байдаг аж. Эргэдэггүй ногоон гацуур нэг метр 50 см-тэй нь 40 мянган төгрөгөөс эхлэн гурван метртэй саглагар том нь 700 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Харин эргэдэг гацуурын хувьд сонголт их, цагаан цасан нөмрөгтэй, өөрөөсөө солонгордог гэрэлтэй, оройтой, оройгүй зэргээсээ хамааран 45-200 мянган төгрөг байлаа. Гацуур модны гэрлэн чимэглэл 3500-5000 төгрөг бол тоглоомуудын хувьд дөрвөн том бөмбөлөг 5000 төгрөг багцаараа жижиг хайрцагтай 30 ширхэгтэй нь 5000, том хайрцагтай 60 ширхэгтэй нь 8500 төгрөг, багцалсан гацуурын тоглоомууд 5000-15000 мянган төгрөг байлаа. Мөн гацуурын тоглоомыг ширхэгийг нь борлуулж байсан бөгөөд 200 төгрөг, 10 орчим төрлийн сонголттой байсан юм.


Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, албан байгууллага салют буудуулах, тэсэлгээний хэрэгсэл хэрэглэх нь элбэгшдэг. Үүний улмаас хүүхэд залуучууд бэртэж, биедээ гэмтэл учруулсан тохиолдол өмнөх онуудад гарч байсан юм. Иймд нийслэлийн цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг энэ сарын 12-ноос ирэх нэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулж, энэ хугацаанд худалдаалахыг түр хориглоод байгаа билээ. Харин өнөөдөр “Нарантуул” зах дээр наймаачид салют асуусан хүнийг их л гярхай ажиглан цагдаа биш гэж бодсон хүнтэйгээ салютны наймааг нууцаар хийж байгаатай таарлаа. Тэдний борлуулж байгаа салют 10-16 ширхэгтэйгээр хайрцагласан нэг дариар л асаадаг баталгаатай салют гэнэ. Гэхдээ салютыг хүн бүр нууцаар худалдаалаагүй бөгөөд бид удтал хайсны эцэст нэг л хүнийг олсон юм. Нарантуул захын гацуурны наймаа эрхэлж байгаа хүмүүс бүгд л тэр наймаачинг зааж өгч байсан бөгөөд тэрбээр аюулгүй ээ, баталгаатай гэдэг үгийг хэдэнтээ давтан бараагаа сурталчлах юм. Хэрвээ энэ баталгаагүй салютаас нь эрсдэл үүсвэл яах вэ гэж асуухад тэрбээр их л ундууцан “боль оо боль, гуйж зарах юм уу, авья гэсэн хүн зөндөө л байна. Баталгаатай гээд байхад чинь” хэмээн үглэсээр яван одсон юм.


Өнгөрсөн жилүүдэд “Нарантуул” зах дээр шинэ жилийн баяр, цагаан сарын баяраар маш их хэмжээгээр хийж хөлдөөсөн, хэн, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хувийн үйлдвэрийн хаяг, шошгогүй бялуунууд хамгийн хямд үнэтэйгээр лангуу чимэн иргэдийн гарт хүрч байсан юм. Харин энэ жилийн хувьд бялууны чанар эрс сайжран хувийн нэр нь үл мэдэгдэх үйлдвэрийн бялуунууд лангуунаас түрэгдэн гарчээ. Магадгүй энэ нь “Нарантуул”-ын хүнсний зах шатан тэнд ажиллаж байсан цөөн тооны хүмүүс ар талд нь баригдсан “Шилэн зах”-ын доод давхарт хүнсний лангуу ажиллуулж байгаатай холбоотой ч байж мэднэ. Тэрхүү хүнсний лангуу хуучин хүнсний захын бялуу борлуулж байсан хэсгийн дайтай жижигхэн давчуухан учраас бялуу борлуулах зай хомс аж. “Шилэн зах”-ын хүнсний тасагт бялуу хамгийн өргөн сонголттойгоор байсан юм. Үнийн хувьд 12-40 мянган төгрөг байв. Түүнчлэн хувийн үйлдвэрийн бялуу 10-20 мянган төгрөг байсан бөгөөд худалдагч бүсгүй үйлдвэрийнх нь байршил, борлуулдаг цэгийг нь давхар зааж өгч байлаа. Ямартаа ч энэ жил чанаргүй бялуунаас болж хордохгүй нь бололтой.



Нийслэлийн томоохон супер маркет, дэлгүүрүүдэд хүүхдийн бэлэг төрөл төрлөөрөө алаглан байгаа бол “Нарантуул”-ын шинэ баригдсан шилэн захын хүнсний тасагт бэлгийн сонголт тун ч цөөхөн байлаа. Хүүхдийн бэлгийг тэд 4000-25000 төгрөгийн үнэтэйгээр цөөн төрлөөр л боон бэлтгэжээ. Гэхдээ бэлгэнд багтсан барааны сонголт харьцангуй сайн байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Дотоодын ганц нэг чихэр, чипс, соруултай ундаа, гадаадын хямдхан чихэр, печениэр дүүргэдэг байсан үеээ бодвол энэ удаад тэд бэлгэндээ чанартай хүнсний бүтээгдэхүүнийг багцалсан байв.


Энэ жил “Нарантуул” захын хүнсний зах шатан хаалгаа барьснаас болон хүнсний бүтээгдэхүүний сонголт эрс муудсан байлаа. Зай талбай багатай шинэхэн баригдсан шилэн захын доод давхарт байрлах цөөхөн хэдэн лангуу л ажиллаж байгаа нь үүнтэй холбоотой биз ээ.
Эх сурвалж: www.eagle.mn



