М.Каддафи: Би хүүгийнхээ өшөөг заавал авна

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

М.Каддафи: Би хүүгийнхээ өшөөг заавал авна

Өнгөрсөн бямба гарагт Ли­вийн удирдагч, “Дарангуйлагч” тодотголтой Муаммар Каддафийн бага хүү 29 настай Саиф аль-Араб болон гурван ач зээ нарыг нь Триполи хотод байхад нь  НАТО агаараас бөмбөгдждээ. Энэ талаар Роитерс агентлаг болон Ливийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн юм. Хамгийн сонирхолтой нь талийгаач хүү нь Ливийн улстөрд хутгалдаад  байдаггүй нэгэн байж. Түүнийг Германд суралцаж байгаад өнгөрсөн хоёр сард ирэхэд нь хэвлэл мэдээллээр “Эцгийнхээ эсрэг босогчидтой нийлсэн” хэмээх ташаа мэдээлэл цацагдаж байсан юм. Уг нь Саифыг нас барсан өдөр буюу өнгөрсөн сарын 30-ны өглөө М.Каддафи НАТО-д хандан хэлэлцээр хиймээр байна гэж байсан боловч бүтэлгүйтсэн аж.

Саиф аль-Араб нь 1982 онд Триполи хотод М.Каддафийн отгон хүү болон мэндэлжээ. М.Каддафийн хоёр дахь эхнэр Сафия Фаркашийн хүү байсан билээ. Тэрээр 2006 оноос Германы Муних хотод техникийн чиглэлээр сурч байсан юм. Түүний хувьд үнэтэй машинд дуртай нэгэн байсан бөгөөд Германы замын цагдаагийнхан хэтэрхий дуу чимээ гаргасан гэдэг үндэслэлээр машиныг нь хэд хэдэн удаа журамлаж байсан юм. Аль Жазерагийн мэдээлж бай­гаагаар талийгаач олны танил бус нэгэн бүсгүйтэй ихэвчлэн шоудаж, хамтран амьдардаг байсан гэжээ.

Өчигдөр М.Каддафи дэлхий нийтэд хандаж “Би эцэг хүний хувьд хүүгийнхээ болон ач зээ  нарынхаа өшөөг заавал авна” гэжээ. Энэ талаар олон улсын сэтгүүлчид таамаглал дэвшүүлж мөн түүнд  захидал илгээж байгаа билээ. Мэдээж хүүгээ алдсан эцэг хүн, тэр бүү хэл гурван ачаа алдсан өвөө хүн та бидний дунд байсан бол галзуурахад ганц хуруу дутах байсан биз. М.Каддафи “Өнгөрсөн сарын хувьд би армиа төдийлөн хөдөлгөөгүй. Харин одоо надад хэн ч юу ч хэлж байсан би АНУ-ыг энэ дэлхийн хөрснөөс арчин хаяна” гэжээ. Ийнхүү хилэгнэж байгаа түүний уур уцаарыг Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес тосон дээр ус гэгчээр хүлээн авч НАТО-г буруушааж, Европын холбоо болон европын орнуудыг “Ухаараач” хэмээн уриалсан. Мөн АНУ-ыг “Энэ янкууд ч яахав дээ, ер нь юу ч хийхээс буцахгүй. Хачирхалтай нь АНУ хүмүүсийг алан хядаж байж хүний эрхийг хамгаалах юм, ямар юмны энхийг сахиулах вэ. Энэ галзуурлаа одоо зогсоо”  гэж хэвлэлийнхэний өмнө чанга дуугаар шүүмжилсэн.

Улс төрийн агуулгаар авч үзвэл ОХУ байр сууриа хэдийнэ илэрхийлж олон улсад АНУ болон холбоотон орнуудын талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн, нэлээд ч шүүмжилсэн. “ОХУ Венесуэл зэрэг орнууд эсэргүүцээд эхэлсэн нь асуудал улам ширүүсч байгаагийн шинж” хэмээн олон улсын зарим сэтгүүлч онцолж байна. Харин АНУ болон холбоотон орнуудын төлөөлөгч нар энэхүү үйл явдлын талаар  “Аливаа дайнд гэр бүлийнхнээ алддаг нь энгийн л зүйл. Ноён Каддафи, өөрөө хэдэн эх эцгийг салгаж, хэдэн хүүхдийг өнчрүүлсэн бол” хэмээн олны өмнө асуужээ. CNN-ын яаралтай хуралдааны үеэр нэрээ нууцалсан сэтгүүлч “Улстөрийн эргэлтэд эрх баригчид, ард түмэн гэсэн хоёр л тал байдаг. Гуравдагч орон худлаа зүйл ярихаар улстөрийн ашиг сонирхол болоод явчихдаг. Үүнийг хэн ч мэднэ. ” гэжээ.

Ливийн ард иргэд НАТО-д хандан жагсаал хийсэн юм. Уг жагсаалаар олон улсын сэтгүүлчид санал бодлыг нь асуухад жагсагчид “Энэ одоо юу болоод байна аа, тэд чинь биднийг аврах гэж М.Каддафийн армитай байлдаж байгаа мөртлөө бидний гэр орон болон төрөл төрөгсдийг алж байна шүү дээ. Энэ чинь одоо юу вэ. НАТО, НҮБ болон АНУ гурав нийлээд байгаа юм уу. Хаашаа юм. Хөл, толгой нь мэдэгдэхгүй юм болчихлоо” хэмээн Триполи хотын нэгэн иргэн ярьсан талаар олон улсын медиа групп мэдэгджээ. 

Хүүгээ алдсан М.Каддафи эцэг хүний хувьд маш их хилэгнэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр цаашид ямар арга хэмжээ авах нь олон улсын анхаарлын төвд хэвээр үлдлээ.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж