
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлэх үед хоёр байр суурь голлон хөндөгдлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын тухайд “Хууль батлаад Засгийн газрыг огцруулдаг бодлого байж болохгүй. Үүнийг Ерөнхийлөгч мэдэж байгаа учраас хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд улстөрийн намууд оролцохдоо боловсон хүчний ямар бодлоготой оролцох вэ гэдэг замыг нь тунгалаг болгож өгч байгаа. Улстөрийн ухаанаас асуудлыг харах хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хуулийн төслийг хэлэлцэх шатанд Үндсэн чиг үүргийн яамдын сайдууд нь УИХ-даа үлдээд, Засгийн газар ажиллах боломжтой байхаар өөрчилж болно. Мөн хэлэлцэх хугацааг 2014 оноос мөрдөх ёстой. Гэхдээ үүнийг Засгийн газрыг унагаах боломж гэж харж байгаа бол буруу. Засаглалын хямрал руу орно. Төр ухаалаг хариуцлагатай болохын тулд хэрэгжих хугацааг ярьж байж шийдэх ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин “Хууль хэрэгжих хугацааг хууль батлагдсан өдрөөс гэж ярьж болохгүй. Ардын намынхан та бүхэн Засгийн газрын эрхийг авангуут сайд болох гээд дарга нараа тойрч гүйдэг байсан биз дээ. Тийм болохоор санаачлаад оруулаад ирсэн хүний хуулийн хугацаанд халдаж болохгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Улстөрийн соёлыг зөвхөн Засгийн газраар битгий сэтгээч ээ, буруу гэж үзэж байгаа юм бол түүнийгээ одооноос засаад явах ёстой” гэж үзэж байсан юм.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.