“Давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байхаар заагаад байгаа. Мөн эл хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 он хэмээн заасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд зөвхөн Ерөнхий сайдын албыг УИХ-ын гишүүн хаших нь хэтэрхий туйлширсан байж болох талтай. Тиймээс ерөнхий чиг үүргийн яамдын сайд нь УИХ-ын гишүүний алба давхар хаших шаардлагатай. Ерөнхий сайд өөрөө эрх мэдэл бага байна, тодорхой ажил хийх гэхээр эрх мэдэл хүрэхгүй байна. Цаашид энэ асуудлыг ул суурьтай судалж иж бүрэн шийдэх хэрэгтэй. Зөвхөн энэ хуулийг баталснаар асуудал шийдэгдэхгүй гэж үзэж байна. Мөн нөгөө талаас Ерөнхий сайд бүрэн хариуцлагаа хүлээх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул энэ асуудлыг ч тодорхой болгох шаардлагатай гэх байр суурийг ч илэрхийлж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд төсөл санаачлагч талд хандан асуулт тавих үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Хүнд суртлын том төрөөсөө салахад энэхүү төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ.  Өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзэхэд Засгийн газрын 17 гишүүн УИХ-ын гишүүн байгаа. Сайдынхаа хувиар хийх ажил их байдаг, УИХ-д суух гэхээр сайдынх нь ажил цалгарддаг. УИХ-даа суухгүй болохоор байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрддэггүй, хууль тогтоох үндсэн ажлаа хийх боломжгүй болдог хүндрэл байгаа.

Гол нь энэ парламентад тулгараад байгаа асуудал бол 2014 оноос шийдэх үү, 2016 оноос шийдэх үү гэдэгт бодол саналаа илэрхийлээч ээ. Энэ хуулийг бид хэрэглэхгүй, биднээс хойшхи парламентад хэрэглэнэ гэх нь өрөөсгөл ойлголт төрүүлж байна. Томоохон шинэчлэл хийнэ гэвэл Үндсэн хууль руугаа орох ёстой. Хоёр шатны парламенттай болоод 51 гишүүнтэй байнгын хууль боловсруулдаг болчихвол бохир юмнаас маш түргэн сална. Үүнд хариулт өгөөч” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Цаашид байнгын  ажиллагаатай парламент болгох гэдэгтэй санал нэг байна. Хууль санаачлагчийн сонирхол бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Засгийн газарт өөрчлөлт оруулдаг тогтворгүй байдал бий болгож болохгүй. Доголдоод байна гэвэл хууль тогтоомжоо сайжруулаад явж болно гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-2014 оноос хэрэгжүүлж болдоггүй юм уу. Одоо мөрдөнө гэхээр Засгийн газрын тогтворгүй байдал үүсэх гээд байна гэх мөртлөө 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөнө гэж байгаа нь түүнээс хойш юу ч болсон яах вэ гэсэнтэй утга нэг агуулгыг илэрхийлээд байна гэсэн асуулт асуухад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Хэлэлцүүлгийн явцад хэрэгжих хугацаа өөрчлөгдөөд гараад ирэх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ хуулийн хэрэгжих хугацааг өөрчилбөл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ маш тодорxoй мэдэгдсэн”  гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж