
“Хамтын хүч – Амжилт” уриатай Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон 2013 оныг амжилт, ялалтаар дүүрэн үджээ. Үүнийг нь төр засаг өндрөөр үнэлж, жүдогийн баг тамирчдад шагналын хур буулгасан байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, жүдогийн анхны эмэгтэй дэлхийн аварга бөх ОУХМ Мөнхбатын Уранцэцэг, жүдогийн ОУХМ Дашдаваагийн Амартүвшин гавьяат тамирчин болсон. Энэхүү сайхан мэдээ Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг олон шагнал, урамшууллаар үргэлжилсэн байна.
Өчигдөр /12.26/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна. Харин 2013 онд ОХУ-ын Казан хотноо болсон оюутны Универсиад наадмаас алт, хүрэл медаль хүртсэн шигшээ багийн тамирчин Б.Сугаржаргалыг Алтан гадас одон, мөнгөн медаль хүртсэн Б.Жанчивдоржийг Хөдөлмөрийн хүндэт медаль олгосон байна. Мөн Алтан гадас одонгоор Дорлигийн Өсөхбаяр, Ившинхоролын Отгонбаяр, Шаравын Баясгалан нарыг шагнасан байна.

Б.БИЛЭГ