Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн “дүгнэлт”

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн “дүгнэлт”

Найз залуудаа 48 цагийн турш зодуулж нас барсан бүсгүйн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлэг “ЦӨСНИЙ ЦОРГОНЫ ҮРЭВСЭЛ” бөгөөд “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” гэж дүгнэсэн нь олныг нэлээд бухимдуулсан. Тэгвэл энэхүү мэдээлэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарал хандуулах ёстой гэдгийг цахим хуудаснаа онцоллоо. Тэрээр “Ийм юм байж болохгүй. Гэмтээд ирэхэд нь үзсэн эмч нар, тэдний тавьсан онош байгаа шүү дээ. Суурь өвчтэй бол гадны нөлөөгүйд тооцно гэдгийг үнэхээр ойлгосонгүй. Суурь өвчтэй хүнийг зодож болно гэсэн үгүү. Харин ч бүр хүндрүүлж авч үзмээр юм. Үүний цаана ийм дүгнэлт хийж байгаа этгээдүүд хэргийн ул мөрийг баллах гэсэн, буруу нөлөөнд автсан, мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчсөн байж болох талтай. Асуудлыг нягтлан шалгаж, буруутай бол зохих хариуцлага хүлээлгэж олон нийтэд бодит мэдээллийг өгөх хэрэгтэй” гэсэн байна.

Мөнгөтэй эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэг, итгэмээргүй дүгнэлт гаргадаг, хүний эрхийг зөрчдөг гэх Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой иргэдийн гомдол өмнө нь ч цөөнгүй гардаг байсан бөгөөд залуу бүсгүйн үхэл энэхүү байгууллагын ужиг гажгийг олон нийтэд ийнхүү ил гаргаж буй бололтой. Энэ бол нийтийн мэдэж буй ганцхан дүгнэлт, үүний цаана шүүх эмнэлгийн үүдэнд уртаас урт дугаарлан зогсох хохирогчидтой холбоотой бусад олон олон дүгнэлтийн үнэн зөв эсэхт хэрхэн итгэх вэ.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж