Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

2013 он Монголын уул уурхайн салбарынханд олон “сюрприз” барьсан жил байлаа. Ийм л жил байна гэдэг нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэс тодорхой байсан. Намуудаас хэн ялсан нь уул уурхайн салбарын бодлого, хууль эрхзүйн орчинг өөрчилнө гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгачихсан. Салбарынхан дунд бэлтгэлтэй зарим нь байхад бэлтгэлгүй нэг хэсэг нь “шоконд орсон” гэж хэлж болно.

Бизнесийг дарамталж шахсан хууль гаргаснаас болж алтны наймаа далд хэлбэрт шилжсэнийг ил болгох, улсын валютын сан хөмрөгийг нэмэгдүүлэх зорилготой уг хуулийн төслийг мушгиж гуйвуулсаар эцэстээ “Оюутолгой”, алтны хэдхэн компанид зориулсан болгочихов.

Ерөнхийлөгчийн “сюрприз”

Шинэ жилийн баяр хөөр эхэлж  амжаагүй байхад эхний “сюрприз” уул уурхайн салбарынханд ирэв. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос” гэсэн хаяг дугтуйн дээрээ тавьсан хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил  Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд дэлгэлээ. Урьд нь салбарын толгой хууль өөрчлөгдөнө гэж ярьдаг байсан ч ингэж орвонгоор нь эргүүлсэн төсөл гарч ирнэ гэж салбарынхан төсөөлөөгүй байсан нь лавтай.

Хуулийн үндсэн санаа нь нутгийн иргэд, төр засаг, Монголын компани гурав байгалийн баялагтаа эзэн суухыг “тунхагласан” байв. Орон нутагтай гэрээ байгуулна…, нутгийн иргэдээс санал авна…, төр ордыг нь хурааж авна… Монголын өмч давамгайлсан компанид л А лиценз олгоно… гэсэн үг, өгүүлбэрүүд хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг лантуугаар цохих шиг л болсон. Хувийн хэвшлийнхний зүгээс хуулийн үндсэн үзэл санааг дэмжиж байсан ч Монголд арай эртдэж байна гэж  хэлж байв. Уул уурхайн салбар, хууль, орон нутгийн төр захиргааны байгууллагын засаглал нь маш өндөр хөгжсөн улсын стандартын хууль гэдгээр тэд татгалзсан хэрэг. Азаар ч гэх юм уу, Ерөнхийлөгч уг хуулийн төслөө УИХ-д өргөн барихаас өмнө олон нийтээр олон удаа хэлэлцүүлж, саналыг нь сонссон нь Монголд анхны тохиолдол байв.

Салбарынхны зүгээс төслийн сайн, мууг хэлэлцэж, багагүй маргалдсаны эцэст Ерөнхийлөгч төслөө татан авч байгаагаа зарлав. Сонгуулийн шоу болгохгүй гэдэг үүднээс.

Зуны хэдэн сар чих нь амарсан уул уурхайн салбарт төд удалгүй дахин нэг “сюрприз” барьсан нь Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт байв. Хаврын чуулганыг хаахаас өмнө өргөн барьсан ч чимээгүй байсаар гэнэт Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр орж ирсэн нь бас л “сюрприз” байлаа. Хоёр УИХ дамжиж яваа Эрдэс баялгийн Бодлогыг энэ их хурал нэг тийш болгох нь. Гэхдээ тийм ч амар батлагдахгүй бололтой. УИХ-ын гишүүд 60 гаруй заалтыг өөрчилж, хасч нэмээд “танигдахын аргагүй” болгосон гэж байгаа бол төслийг боловсруулсан УУЯ-ныхан анхнаасаа баримталсан үндсэн зарчмаа хадгалж үлдсэн хэмээн дүгнэж байна. Бодлогод Стратегийн орд гэсэн нэр томьёо яаж тусгагдах бол гэдэг асуудал олны анхаарлыг хамгийн их татаж байсан. Ажлын хэсгийн түвшинд цаашид стратегийн орд гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр байгаа 15 орд дээр нэ­мэг­дэхгүй гэдэг дээр санал нийлж. Уул уурхайн яам ч ийм байр суурьтай байгаа. Стратегийн орд гэсэн ойлголт цаашид үгүй болсноор салбарынхны нэг том айдсыг арилгасан гэхэд болно.

Ардын намын “сюрприз”

Эрдэс баялгийн салбарын бодлогоос илүүтэй намуудын анхаарлыг хамгийн их татсан төсөл бол Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлт болон Алтны ил тод байдлын тухай хуулийн төсөл байв. Бодлогын төсөлтэй хамт Ээлжит бус чуулганаар батлуулахаар оруулж ирсэн ч дөрвөн сар таг зогсоод байна. АН-ын зүгээс батлагдаад дөрвөн жил гаруй болж байгаа ч хэрэгжиж чадахгүй байгаа Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх, төрийг дааж давшгүй нөхөн төлбөрт унагачихгүй, бас байгаль орчин сүйтгэгчдийг, хайгуул хийгээд “шатсан” ч төрөөс нөхөн төлбөр авахыг санаархаж байгаа нөхдийг давруулахгүй гэдэг үүднээс энэхүү хуулийн төслийг оруулж ирсэн. Гэсэн ч   хуулийн өөрчлөлт эдийн засгийн үр ашиг болоод бодлогын гэхээсээ илүү улс төрийн өнгө аястай хутгалдсанаар багагүй маргаан дагуулаад байна.

Үүнтэй адил улс төрийн “тоглоом” болж хувирсан хуулийн төсөл бол Алтны ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Бизнесийг дарамталж шахсан хууль гаргаснаас болж алтны наймаа далд хэлбэрт шилжсэнийг ил болгох, улсын валютын сан хөмрөгийг нэмэгдүүлэх зорилготой уг хуулийн төслийг мушгиж гуйвуулсаар эцэстээ “Оюутолгой”, алтны хэдхэн компанид зориулсан болгочихов.
Алтны салбарт хамааралтай энэ хоёр хуулийн төслийг МАН-аас ихээхэн шүүмжилж эсэргүүцэж байгаа. Шалтгаан нь ч тодорхой. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдвал ирэх жилээс эхлэн алтны олборлолт огцом нэмэгдэж 10 тонн, цаашлаад 25, 50 тонн хүрч өсөх боломжтой болно. 50 тонн алт гэдэг 2.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Хууль хэрэгжих таван жилийн хугацаанд 8.5-10 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоог гаргаад байсан юм.

Богино хугацаанд улсын валютын нөөц огцом нэмэгдэнэ. Үр дүн нь төгрөгийн ханшийн уналт зогсож, түүнийг дагаад инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжино. Ингэж чадвал Монголбанк, Засгийн газар төлөвлөсөн ажлуудаа хийх боломжтой болно. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ирэх жил дахиад гурван их наядаас багагүй төгрөгийг эдийн засаг руу хийж, барилгажилт, үйлдвэржилтийг дэмжих төлөвлөгөөтэй байгаа. Гагцхүү тэр хэмжээний төгрөгийн арыг даах валютын нөөцийг бүрдүүлж чадаж гэмээнэ хүссэнээрээ эдийн засгийг хөтөлж чадна. Хэзээ, хэрхэн нэмэгдэх нь тодорхойгүй ГШХО, валютын урсгалд найдаж сууснаас боломжит алтыг сонирхсон нь энэ. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг.

Үүнийг МАН-ынхан маш сайн мэдэрч, өөрсдийн хувьд ашигтай тактик боловсруулсан гэхэд болно. Тэд энэ хоёр хуулийг чадлынхаа хэрээр эсэргүүцнэ. Ингэж чадвал эрх баригчдын мөнгөний судсыг тасалж чадна гэдгээ мэдэж байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж чадсанаар бонд гаргаж, их хэмжээний валют авах гэсэн Засгийн газрын санаархлыг тасалж дөнгөсөн. Одоо алтны нөөцийг нэмэгдүүлэхийг зогсоож чадвал МАН-д ирэх сонгуулийн ялалт харагдаж эхэлнэ. Валютын нөөцгүй, гаднаас орж ирэх долларгүй болсон эрх баригчид долларын ханш, инфляцийг тогтоон дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл бодлогын алдаа олон гаргана гэдгийг сөрөг хүчин мэдэхтэйгээ.
Ийм л улс төрийн “тоглоом”-д алтны салбарын гол хоёр хууль ороогдчихоод хэрхэх нь тодорхойгүй явсаар байна.

Тавантолгойн “сюрприз”

Монголчуудыг он удаан жил тэжээх хоёр толгой энэ жил хамгийн их хэл амыг дагууллаа. Оюутолгойг дуурайв уу гэлтэй “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа авангуутаа “Чалко”-той байгуулсан урт хугацааны гэрээг өөрчилнө хэмээн зүтгэж, экспортоо зогсоосон нь уруудаж явсан уул уурхайн салбарт шуугиан тарив. Хэдэн сар Бээжин-Улаанбаатарын хооронд ниссэн Я.Батсуурь захирал гэрээг өөрчилж, ашигтай болгосон гэж мэдэгдсэн ч ямар заалтыг яаж ашигтайгаар өөрчлөв гэдгийг тодорхой хэлсэнгүй. Он гарсаар экспорт нь зогсоод байсан “Эрдэнэс Тавантолгой” есдүгээр сараас экспортоо үргэлжлүүлэв. Уг нь өнгөрсөн  зун гэхэд “Чалко”-гийн өрийг дарчих боломжтой байсан ч ирэх оны нэгдүгээр улирал хүртэл хойшлов. Энэ хугацаанд Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалтыг хийж, хоёр сая орчим тонн нүүрс олборлоод байгаа нь компанийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд нэмэр болов. Баруун Цанхийн уурхайгаас олборлосон нүүрснээс 100 сая долларын орлого олно, ирэх жил “Эрдэнэс Тавантолгой” компани бүх өрөө дараад ашигтай ажиллана хэмээн Я.Батсуурь захирал ярьжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил цөөнгүй асуудлаа шийдэж чадсан. Цахилгаан станцын төслийнх нь үйл ажиллагаа эрчимтэй явж, стратегийн хөрөнгө оруулагчаа сонгох хэмжээнд очсон. Уг төслийг удирдаад хэдхэн сар болж байгаа ч олон ажил амжуулж чадсан хэмээн М.Энхсайханд олон нийт ам сайтай байгаа.
Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь далангийн ажил нэлээд хурдтай явж байгаа ч түүнээс цаашхи олон асуудал тодорхойгүй байна. Одоо болтол ямар царигаар тавих шийдвэр эцэслэгдээгүй, гүйцэтгэгч “Самсунг Си энд Си” компани хүнд даацын төмөр зам барьж байсан туршлагатай юу гэх мэтээр багагүй хэл ам гарч байна. Урагшаа тавигдах төмөр замаас гадна зүүн тийшээ тавигдах 1100 км төмөр замын ирээдүй ч бүрхэг болж хувирлаа. Хэдий Төмөр замын бодлогын дагуу явж байгаа ч бодлого нь өөрөө олон алдаатай болсон гэдгийг төмөр замын инженерүүд шүүмжилж эхлэв. Ямар тооцоо судалгаагаар бодлого гаргасан, “МакКинсей” яг ТЭЗҮ хийсэн үү гээд эргэлзээтэй олон баримтыг мэргэжилтнүүд гаргаж тавиад байгаа юм. Ямар ч байсан урагшаа тавигдах төмөр зам 2015 онд ашиглалтад орно хэмээн төлөвлөж байна. Ингэвэл Тавантолгойн нүүрсний экспортын зардал буурахад маш том түлхэц болно. 

Борлуулалтын тал дээр ч ахиц гарч, “Шинхуа”-тай 20 жилийн гэрээ байгуулах боломжийг Засгийн газар бүрдүүлж өглөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад айлчлал хийх үеэрээ Тавантолгойн ордоос дэлхийн хамгийн том нүүрсний компани “Шинхуа”-д 20 жилд тэрбум тонн нүүрс нийлүүлэх санамж бичгийг үзэглэсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг төр бодлогоор дэмжих ёстой гэдэг шүүмжлэлийн хариу энэ байв. Мэдээж уг баримт бичиг гэрээ болж төгөлдөржвөл төрийн өмчит, бас хамгийн их нөөцтэй компани “Эрдэнэс Тавантолгой”-д хамгийн ашигтай байж таарна.

Энэ мэтчилэн өнгөрсөн жил нуруундаа баахан ачаатай, түүнийгээ дааж ядаж явсан бол энэ жил ихэнх ачаанаас нь Засгийн газар өргөлцөж, том дэмжлэг болж байна. Харин өөрийнх нь нуруун дээр үлдсэн баяжуулах үйлдвэрийн төсөл ямар шатандаа яваа нь тодорхойгүй байна.

Оюутолгойн “сюрприз”

Энэ жил Монголын уул уурхайн хамгийн онцлох үйл явдал нь яах аргагүй Оюутолгойн бүтээн байгуулалт байлаа. Дэлхийн хамгийн том зэсийн уурхай энэ жил ашиглалтад орж, Монголын хамгийн том баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусав.

Хоёрдугаар сард “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчид Улаанбаатар хотноо хуралдсан. Энэ үеэс Оюутолгой төслийн ирээдүй бүрхэг болж ирсэн юм. Учир нь Засгийн газрын зүгээс төслийн анхны хөрөнгө оруулалтыг 2 тэрбум доллараар хэтрүүлсэн шалтгаанаа тайлбарлахыг “Рио Тинто”-гоос шаардав. Хэрвээ тайлбарлахгүй бол тэдний зүгээс тавьсан төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаан он дуусч байхад олон нийтэд ил болоогүй, хувь нийлүүлэгч талууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй л байна.

Зургадугаар сард “Оюутолгой” ХХК анхны баяжмалаа экспортлохоор болов. Засгийн газар “гэдийснээс” болж, экспорт хоёронтаа хойшлох нь тэр. Энэ үеэс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшигч Монгол улсын Засгийн газарт уг төслийг цаашид үргэлжлүүлэх сонирхол байна уу гэдэг эргэлзээ гадна, дотногүй төрж эхлэв. Төд удалгүй наймдугаар сард “Рио Тинто” компани Засгийн газрын хүсэлтээр төслийн хоёр дахь санхүүжилтийг түр зогсоосноо зарласан нь Монголд төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт “сюрприз” болов. Засгийн газрын нэр хүнд унаж, Монголын бондын хүү, компаниудын хувьцаа улам доошлов. ГШХО татарч, хөрөнгө оруулагчдын эргэлзээ тээнэгэлзэл нь Монголоос гарах шийдвэр болж хувирав. Өөрийнхөө хувь эзэмшдэг төслийг “унагаж” байгаа Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагч тийм ч олон биш. Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахын тулд Ээлжит бус чуулган хуралдуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран батлав.

Энэ бүх зүйлд Засгийн газар буруутай юм шиг олонхид нь харагдсан. Үнэндээ анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийн учрыг олох гэж мунгинаж байх хооронд “Рио Тинто” хэдийнэ санаачилгыг гартаа авсан байв.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг сольж, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг шинээр томилсны дараа аравдугаар сард Засгийн газар “Рио Тинто”-той дахин хэлэлцээрийн ширээний ард суулаа. Хавар эхэлсэн Хувь нийлүүлэгчдийн хурлын үргэлжлэл гэж болох уг хурлаар олон асуудлыг шийдэж чадсан ч төслийн хоёр дахь санхүүжилтийг хэрхэх нь тодорхойгүй хэвээр үлдэв. Сарын дараа “Рио Тинто”-гоос Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг энэ ондоо багтаан шийдвэрлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн юм. Үүний араас “Туркойз Хилл” нэмэлт хувьцаа гаргаж 2,4 тэрбум ам.доллар босгохоор болж, түүгээрээ “Рио Тинто”-гоос зээлсэн зээлээ төлөхөө мэдэгдэв.

Оюутолгойг тойрсон өнгөрсөн нэг жилийн маргааныг ажиглавал сонин дүр зураг харагдана. Нэг талаас Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” компани гаргасан алдаагаа засах гэж оролдсон нүүдлүүдийг нүүж байх шиг. 2011, 2012 оны “Оюутолгой” компанийн төсөв, хөрөнгө оруулалтыг ТУЗ-ийн бүх гишүүд зөвшөөрсөн атлаа 2013 онд гэнэт анхны хөрөнгө оруулалт хэтэрснийг мэдэж, төсвийг батлахгүй гэсэн нь хачирхалтай санагдана. Өнгөрсөн хоёр жилийн төсөв мэдээж ТЭЗҮ-ээсээ өөр, нэмэгдсэн байгаа. Түүнийг ТУЗ-ийн гишүүд, тэр дундаа Монголын талыг төлөөлж суусан гурван эрхэм, тэдний ард байсан “Эрдэнэс Оюутолгой” компанийнхан мэдэлгүй баталсан гэж үү? Чив чимээгүй дөрвөн тэрбум долларын төсөв, хөрөнгө оруулалтыг нь баталчихаад сүүлийн 2 тэрбумыг нь батлах болоход хөрөнгө оруулалт  хэтэрснийг мэдсэн гэдэг байж боломгүй зүйл. Анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнд хэн нэгэн буруутай бол “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн өмнөх гишүүд, “Эрдэнэс Оюутолгой” компани яалт ч үгүй буруутан болно.

Нөгөө талаас “Туркойз Хилл Ресурс”-ыг тоглоомоос шахах гэсэн “Рио Тинто”-гийн ээлж дараалсан нүүдлүүд амжилттай өрнөж байна гэж хэлэхэд болно. “Рио Тинто”-д алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог том ордын 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” гэдэг компанийн 51 хувь сонин биш. Тэдэнд дундын ямар нэг зуучлагчгүй шууд “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмших сонирхол асар их бий. Нэг ёсондоо “Оюутолгой” гэдэг төслийг ганцхан Монгол улсын Засгийн газартай хамтран ашиглах сонирхол гэсэн үг.

Он гараад “Туркойз Хилл”-ийн нэмэлт хувьцаа гаргалт хэр амжилттай байхаас ихээхэн зүйл хамаарна. Энэ бүхний дүнд “Рио Тинто” “Туркойз Хилл” дэх эзэмшлээ хэр нэмж чадах нь олны сонирхлыг татаж байна. Үүний дараа “Рио Тинто” болон Засгийн газар хооронд “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдэх асуудал илүү чөлөөтэй, нээлттэй болох биз ээ.

Д.Ганхуягийн “сюрприз”

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байна. Бодлого батлагдсаны дараа алт, зэс, нүүрс, төмөр, жонш гээд голлох салбаруудыг хөгжүүлэх тусдаа хөтөлбөрүүд батлагдана. Хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хэсгүүд хэдийнэ ажилдаа орчихсон.

Салбарын сайдын зүгээс салбарынханд барьсан том “сюрприз” нь бодлого болоод хөтөлбөрүүдэд салбар бүрийн мэргэжлийн холбоодыг татан оролцуулах шийдвэр байв. Өнгөрсөн намар “Уул уурхайн ассоциаци”, “Нүүрс ассоциаци”, “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”, “Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо” гээд уул уурхайн салбарын гол холбоод Уул уурхайн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Үүний дүнд Бодлого боловсруулах ажлын хэсэг болон хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдэд салбарын холбоодын төлөөлөл идэвхтэй оролцож байна. Урьд нь уул уурхайн салбарт ямар нэг хууль тогтоол гаргахдаа салбарын холбоод, хувийн хэвшлийн дуу хоолойг сонсдоггүй гэсэн шүүмжлэл байнга хэл ам дагуулдаг байв. 68 хувийн татвар, Урт нэртэй хууль гээд салбарынхны санаа бодлыг сонсолгүй батлагдсан олон хууль бий. Тэд бүгд өнөөдөр хэрэгжилт тааруу, эсвэл хэрэгжилт нь салбарыг бүхэлд нь доройтоход хүргэж байгаа. Салбарын сайдын хувьд ийм алдаа дахиж гаргахгүй гэж шийдсэн бололтой.

Бэлээхэн жишээ нь алттай холбоотой хоёр хуулийн төсөл. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд компаниудын саналыг маш сайн тусгасан ч Засгийн газар болоод Байнгын хорооны хуралдаанаар зарим заалт өөрчлөгдсөнийг яамны зүгээс хэлж байгаа. Мөн Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогч компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж, саналыг нь чамгүй сайн тусгаж өгсөн гэдгийг компаниудын төлөөллүүд хэлж байсан удаатай.

Одоо уг салбартай хамааралтай томоохон бодлого, хууль, хөтөлбөрүүдэд салбарын холбоод, хувийн хэвшлийнхэн өөрсдийн санал бодлоо чөлөөтэй тусгах боломжтой болж байна. Тэд ч энэхүү боломжийг маш сайн ашиглаж байгаа гэж болно.

Уул уурхайн салбарын энэ оны онцлох үйл явдлуудыг тоймлон дурдвал ийм байна. Ирэх жил ч энэ салбарыг чамгүй олон “сюрприз” хүлээж байгаа билээ.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж