Мэргэшсэн сэтгүүл зүйн талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Мэргэшсэн сэтгүүл зүйн талаар хэлэлцэв

Монголын өдөр тутмын сонины холбооноос “Мэргэшсэн сэтгүүл зүйн төлөө” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд тус холбооны гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан өдөр тумын сонины сэтгүүлчдийн мэргэшлийн асуудлыг судалгаанд тулгуурлан хөндсөн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Өнөөдөр өдөр тутмын 14 сонин тогтмол хэвлэгдэн гарч буй бөгөөд тэдгээрийн эрхлэгч, бодлого тодорхойлох төвшний ажилтнууд хэлэлцүүлэгт оролцсон юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд нийт сонины борлуулалтын 40 орчим хувийн эзэлж байсан өдөр тутмын сонинуудын борлуулалт 70 хувь хүртэл өөрчлөгдсөн байна. Сонин, хэвлэлийн зах зээлд эзлэх байр суурь нь ийнхүү өсч буй өдөр тутмын сонинд улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн асуудлаар сэтгүүлчдээ мэргэшүүлэн сургах асуудал цаг үеийн шаардлага болж байгааг редакцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ.

“Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд санал бодлоо хэлэхдээ сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургахыг дэмжиж буйгаа юуны өмнө илэрхийлээд тус сонины сэтгүүлчдийн хувьд 50 орчим хувь нь өөр салбарын мэргэжилтнүүд байгааг онцолсон юм. Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчнүүдтэй харьцуулахад өөр мэргэжлийнхэн сэтгүүлчийн ажилд илүү хурдан мэргэшиж, давуу байдалтай болдог нь анзаарагддаг гэлээ. Харин “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар мэргэшлээс илүүтэй мэдлэгт суурилсан сэтгүүл зүйн төлөө ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, мэргэшил гэдгийг мэдлэг гэж ойлгох, тэр тусмаа хэлний мэдлэгийг тэргүүнд тавих нь амьдралаас урган гарч буй үнэлэлт гэв. Түүний удирдаж буй сонинд жил бүр сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдсэн 10 гаруй боловсон хүчин ажилд орохоор ирдэг ч тэдний 1-2 нь л шаардлага хангаж байгааг онцолсон юм.

Энэхүү хэлэлцүүлгийг удирдан явуулсан Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч, мэдээллийн “News” агентлагийн захирал, “Ардын эрх” сонины эрхлэгч Б.Тэмүүлэн сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургах боломж, арга замыг судалснаа мөн танилцуулсан юм. Ярилцаж буй асуудлын хүрээнд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналд тулгуурлан дахин боловсруулалт хийх ёстой түүний төслөөр бол сэтгүүлчдийг дотоодын их, дээд сургуульд 1-2 жилийн сургалтад хамруулах, мөн төрийн байгууллагын дэмжлэгээр гадаад улс оронд богино хэмжээний сургалтад хамруулах бололцоо харагдаж байгаа аж.

Суралцах, мэргэшил, мэдлэгээ дээшлүүлэх зав зай хомс байдаг нь өдөр тутмын сэтгүүлчдийн ажлын байрны онцлог бол аливаа мэдээллийг бусдаас түрүүлж авдаг нь давуу тал болж байгааг сонины эрхлэгч нар онцолж байсан юм. Тэдний зарим нь сэтгүүлчдийг дахин сургах нь зөв үү, эсвэл сэтгүүлч бэлтгэн гаргаж байгаа их, дээд сургуулиудаас чанартай боловсон хүчин бэлтгэн гаргахыг шаардах нь зөв үү гэдэг асуудлыг ч хөндөж байлаа. Зах зээлд шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаргаж буй үйлдвэрлэгчдийн алдааг нөхөхөд сонины редакци хөрөнгө, мөнгө зарцуулах нь зөв эсэх асуудал ч үүний ард яригдах бололтой.

Өнөөдөр өдөр тутмын сонинуудад тодорхой сэдвээр мэргэшиж буй сэтгүүлчид цөөнгүй байгааг ч хэлэлцүүлэгт оролцогчид дурдсан. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх асуудалтай хамт хөндөгдөж буй нэг асуудал нь Монголын сэтгүүл зүй хөгжлийн шат ахих шаардлага аж. Энэчлэн сонин, хэвлэл, мэдээллийн салбар дахь хүний нөөцийн чадавх, салбарын хөгжлийн асуудлаар Өдөр тутмын сонины холбоо тууштай ажиллах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Дашрамд дурдахад, НҮБ-ын ерөнхий ассамблейн хурлаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1993 онд гаргасан юм.

З.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж