Монголчууд гадаадын орнуудын улс төрийн нөхцөл, аж байдлын зөрүүтэй талыг тооцоололгүйгээр гадаадад зорчиж, хүний нутагт очоод хүнд байдалд орох нь олонтаа. Үүний тод жишээ бол Малайзад ажиллаж, амьдарч, суралцаж буй хүмүүс гэдгийг сүүлийн үед хэвлэлээр гарч буй мэдээллээс харж болно. Тэгвэл Серби Улсыг зорьсон нэгэн монгол иргэн мөн хүндхэн нөхцөл байдалд орсон талаарх мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, тухайн хүнийг эх оронд нь авчирлаа. Тэрбээр Серби улсад амьдардаг танилынхаа урилгаар энэ оны есдүгээр сард тус улсыг зорьсон байна. Түүнийг хүнд байдалд орж, хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхэн нь анх өгчээ. Мэдээллийн дагуу ГХЯ-ны Консулын газар, БНУУ-д суугаа ЭСЯ-нд чиглэл өгч, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд уг иргэнийг өчигдөр өглөө эх оронд нь буцаан ирүүлсэн байна.
Д.ЦЭЭНЭ