Нэг ч гэсэн аав гэртээ эрт хариг

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Нэг ч гэсэн аав гэртээ эрт хариг

-Нэг ч гэсэн ээж хүүхдүүддээ эрт очиг. Шинэ оноор тэд ч бас баярлаг. Ингэж бодоод шинэ жилээр хогоо бага хаяарай-

Дөнгөж үүр цайж байлаа. Идэр өвлийн хүйтнийг хэлэх үү үүр шөнийн заагаар жавар тачигнана. Шөнийн харанхуй, Улаанбаатарын утааг харин ч нэг үл анзааран, бөхөлзөн тонголзож, зогсоо зайгүй ажиллах хүмүүс хотын хаа нэгтээ таарна. Тэднийг бид ТҮК-ийн /Тохижилт үйлчилгээний компани/ ажилчид гэж нэрлэдэг. Бас “Шар хантаазтан” ч гэж дууддаг болж. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл хайхран улаанбаатарчууд бидний “тарьсан” хогийг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдыг ихэнхдээ бид хараад л өнгөрдөг. Хажуугаар нь хогоо шидэх нь холгүй дайраад л гардаг. Магадгүй, ихэнх хүмүүсийн бодсоноор тэд өмнөх ажлаа хийж байж болно.  Хүмүүс хог тарьж, тэр хогийг цэвэрлэснийхээ төлөө цалин авдаг нь үнэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэдний ажлыг хүндэлж, ойлгож, хогоо саванд нь хийчих хэмжээний ухамсартай хүмүүс ховрын ховор хэвээрээ л байна.

Шинэ жил ойртлоо. Баяр ёслол болох бүрт ТҮК-ийн ажилчдын ачаалал нэмэгддэг. Одоо ч бас тэгж л байгаа. Баярлаж хөөрсөн хүмүүс барьсан хогоо дурын газраа орхиж, балгасан архиа, идсэн хоолтойгоо хүссэн газраа “асгадаг” бохир зуршилтай. Тэднийг та бидний хаясан хогийг л цэвэрлэхийн тулд ажилладаг гэж бодож байна уу… Үгүй ээ, өдөр бүр хогийн шүүр барин, хотоо цэвэрлэж яваа ээж, аавууд улаанбаатарчуудын тархины хогийг өдөр бүр угаан, цэвэрлэж байдаг юм.

Саяхан нэгэн телевиз ТҮК-ийн ажилчдаас дэлгэрэнгүй ярилцлага авчээ. Харин удалгүй хүү уйлчихсан хичээлээсээ ирсэн гэнэ. Учрыг асуутал ангийнх нь хүүхдүүд “Танай аав хог түүдэг юм байна билээ” гэж хэлээд түүнийг хүнд байдалд оруулжээ. Тиймээс бид санал, бодлыг нь сонссон үйлчилгээний ажилчдын зураг, нэрийг нийтлэхээс болгоомжлов.

-“Баяр ёслолын үеэр хотын хог дийлддэггүй. Баяр болгоноор маш их хоол хүнс, элдэв зүйлс хэрэглэдэг. Маш их хог тарьдаг. Бүр хамаа замбараагүй шидэлдэг. Эд нар цэвэрлэж л байх ёстой гэсэн шиг ханддаг. Баярын үеэр хүмүүс амарч, цэнгэдэг бол бид нар нойргүй хонох нь энүүхэнд. Мэдээж бид цэвэрлэх ёстой л доо. Гэхдээ хүн бүр гэр орондоо хог хаяхгүй гэж боддог шигээ гадаа гараад явахаараа түүнийгээ хэрэгжүүлчихдэг л байвал сайхан байна. Нэгэнт нь энэ хотод бүгд амьдарч байгаагаас хойш гэрээс минь ялгаа юу байх билээ” хэмээн нэгэн ажилтан ярилаа.

Улаанбаатар хотын Тохижилт үйлчил­гээний компаниудыг татан буулгаж, ажилчдыг нь төрийн албан хаагч болгоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Өмнө нь, өдөржин, шөнөжин ажиллаад 280-360 мянган төгрөгний цалин авдаг байсан бол одоо тэд 530-600 мянган орчим төгрөгийн цалинтай болжээ. Мөн багаж хэрэглэлийн хувьд харьцангуй сайжирсан гэнэ. Гэвч иргэдийн тархинд хогоо зориулалтын саванд хийх ёстой гэсэн бодол нэгэнтээ суугаагүй учир тэдний хийдэг ажил багасаагүй, харин ч нэмэгдсэн гэх.

Гудамж цэвэрлэн зогсох нэгэн ажилтнаас “Та нар хэзээ шинэ жилээ тэмдэглэдэг вэ?” гэж асуухад тодорхой хариулт хэлсэнгүй. Хэд хэдэн хүмүүс ч бас “Баяраар амжиж гэртээ байх нь маш цөөн”, “Баяр тэмдэглээгүй удсан байна” гэж байлаа. Тэд ч гэсэн баярлах эрхтэй шүү дээ. Ядаж хогоо бага хаяж, ганц цагийн өмнө ч гэсэн хуваарьт талбайгаа цэвэрлээд, гэртээ харих боломжийг нь өгөх юмсан, нийслэлчүүд ээ.

-“ТҮК-ийн ажилчдын цалинг нэг сая төгрөг болгоод өндөр шаардлага тавина” гэсэн мэдээлэл байна. Хэрвээ цалин нэг сая төгрөг болчихвол яах вэ? гэдэг асуултыг уулзсан зургаан ТҮК-ийн ажилчнаас асуулаа. “Цалин нэмэгдвэл бүр сайхан л байна. Бид одоо ч өндөр шаардлагын дагуу ажиллаж байгаа. Бидэнд төрийн албан хаагч шиг цайны цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Ажлын завсар чөлөөгөөр ганц аяга халуун цай оочдог. Хэдэн цагт ч тарж болно. Хогоо цэвэрлэж дууссаны дараа л гэртээ харих ёстой. Цалин нэмээд шаардлагаа өндөр тавина гэвэл ёстой дуртайяа хүлээн авна шүү” гэдгийг бүгд онцолж байна.

Өөр нэг үйлчлэгч “Өнгөрсөн жилээс салют буудуулахыг хязгаарласнаас хойш хог овоо буурсан. Түүнээс өмнө бол шинэ жилийн шөнө Сүхбаатарын талбайг цэвэрлэсээр байгаад өглөө болгодог байсан. Одоо харьцангүй багассан. Сүүлийн үед бас ч гэж хүмүүс ухамсартай болж, хогоо саванд хийчихдэг болсон байна. Хогийн сав ч олон болсон” хэмээн Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ажилчин ярилаа. 

-“Эгч нь гурван хүүхэдтэй. Том нь энэ жил дээд сургуулиа төгсөнө. Хүү маань сургуулиа төгсчихөөд, ээжийгээ энэ ажлаас гаргана гэдэг юм. Гэхдээ ажлаа хийж, дараагийн хоёр хүүгийнхээ хэрэгцээнд туслахгүй бол хөгшин ганцаараа дийлэхгүй. Ер нь бол бидний ажил хэцүү л дээ. Гэхдээ амар ажил юу байхав. Би ч тэгж ажлаа голоод сүйд болдоггүй юм” гэж дөч гаруй насны үйлчлэгч эмэгтэй ярив.

Тийм ээ, тэд ажлаа голдоггүй. Харин үргэлж хог тарьж, хотоо муухай болгож байдаг хүмүүсийг голдог… Нэг ч гэсэн ээж хүүхдүүддээ эрт очиг, нэг ч гэсэн аав шинэ жилээр баярын ширээндээ сууг. Шинэ оноор тэд ч бас баярлаг. Ингэж бодоод шинэ жилээр хогоо бага хаяарай, хүмүүс ээ.

Б.БИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №043


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж