Хоёр Мөнх шиг, хоёр Эрдэнэ шиг хоёр Дамба

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Хоёр Мөнх шиг, хоёр Эрдэнэ шиг хоёр Дамба

Архангай, Завхан, Төв, Хэнтий дөрвөн аймгийн 90 жилийн ой энэ онд тохиолоо. Эдгээр дөрвөн аймгийн уугуул, суугуул, мөн аав ээж нь тэр нутгаас гаралтай хүн болгон аймаг аймгаа “хувьчлан” авч магтав. Хэдийгээр бусад 17 аймгийг муулаагүй ч онцгойлон зогсоо зайгүй рекламдан магтаад байхаар ойгоо хийгээгүй аймгууд нь, Отгонтэнгэрийн вансэмбэрүү цэцгийн дэргэд Ханхөхийн цэнхэр яргуйн өнгө бүүдийж харагдахын нэгэн адил болтол жишигддэг тал байна лээ. Уг нь ердөө л, засаг за­хир­гааны нэгжийн нэрэнд өөрч­лөлт орсон цаг хугацааны мөчлөг билээ.

Ерэн жилдсэн дөрвөөс Завха­ныг, тэгэхдээ бөхийг нь сонгож сонирхъё. Аймгаа “хувьчлан” магтагсад ингэж ярьж байна. “Энэ зуны Улсын баяр наадмын 512 хүчтэнээс түрүү, үзүүр, долоо давсан дөрвөн бөхийн нэг нь цэвэр Завханых, хоёр нь бараг Завханых, нөгөө үлдсэн нэг нь залгаа Завханых”.

Үнэн эсэхийг магадлахад, үзүүрийн бөх Б.Гончигдамба гарди нь Их-Уул сумд 1985 оны нэгдүгээр сарын 15-нд төрсөн байна. Түрүү бөх Г.Эрхэмбаярын аав, ээж нь Баянхайрхан сумын, шинэ заан Б.Батмөнхийн аав, ээж нь Ургамал сумын хүмүүс. Тэр ч бүү хэл аварга Г.Эрхэмбаярын харьяалагддаг “Ноёд групп”-ийн захирал Г.Буяндорж нь Сонгино сумынх аж. Шөвгийн дөрвийн нөгөө бөх С.Мөнхбат аварга болохоор дээр нэр дурдагдсан Завхан аймгийн Баянхайрхан, Сонгино, Ургамал сумтай залгаа нутаг, дээр үеийнхээр бол Лу жанжин гүний хошуунд хамрагдах одоо­гийн Увс аймгийн Баруунту­руун сумд 1984 оны наймдугаар сарын 24-нд төрсөн байна.

Завханчуудын яриагаар бол төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ “хоёр Дамба”-ын үе эхэлж байгаа. Нэг Дамба нь Б.Гончигдамба гарди, нөгөө Дамба нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба. Хоёр Мөнх шиг, хоёр Эрдэнэ шиг гарч ирж  байгаа ажээ. Мөн цааш нь “Манай Дамба(Б.Гончигдамбаа хэлж байна) нөгөө Дамбатай нас чацуу ч, сэтгэл зүйн хувьд түүнээс давуу. Улсын наадам дөхөхөөр гурав хоногийн өмнөөс Архангайн Дам­бын нойр нь сэрвэлздэг бол, манай Дамба наадмын давааны хооронд гурван минут байсан ч дугхийж амран сэргэлт авдаг бөх” хэмээн ярьж байна.

-Ч.Санжаадамба зааныг наа­дам дөхөхөөр нойр нь хүрдэггүй гэж хэн хэлж байна вэ? гэж асуулаа.

-Нэгд огт хүрдэггүй гэж хэлээгүй, нойр нь сэрвэлздэг гэсэн биш үү. Хоёрт, түүний багш, гавьяат З.Дүвчин зааны яриа гэж хариулж байна.

Дашрамд тэмдэглэхэд, жил бүрийн Улсын их баяр наадмын тааварт үзүүр түрүүнд нэрлэгддэг Ч.Санжаадамба, өнгөрсөн зуны наадмын үзүүрийн бөх Б.Гончиг­дамба -энэ хоёр Дамбын үе ирсэн үгүйг цаг хугацаа харуулах буй заа.

Харин чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаа­тарын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншаад Б.Гончигдамба гардид талархах сэтгэл төрсөн билээ. Б.Наранбаатар:

-Залуучууд маань үндэсний бөх рүү хошуураад байна. Бид чө­лөөтийн хүнд жингийнхээ бөхчүү­дийг муулаад л байдаг. Үнэндээ долоо хоног бэлтгэлийг нь хангал­цаад өгөх хүн алга. Саяын 2013 оны чөлөөт бөхийн Дэл­хийн аварга шалгаруулах тэмцээ­ний өмнө Б.Гончигдамба гарди Ж.Чулуунбат(120 кг-ын жинд барилддаг шигшээ багийн тамир­чин)-ын бэлтгэл хангагчаар ажил­ласан. Би л хувьдаа үнэхээр их баярласан. Улсын наадмын үзүүрийн бөх бэлтгэл хангаж байхад сайхан л харагдаж байна лээ гэж ярьсан байна.

Б.ЕРЭНТЭЙ

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж