
Зовж шаналсан, зодуулж нүдүүлсэн хүмүүсийн хүссэн хүсээгүй зүглэдэг газар бол шүүхийн шинжилгээний хүрээлэн. Энэ байгууллагын шинжээч эмч нар хүмүүсийн зовлонгоор бизнес хийж, авлига авдаг хэрэг үү. Үнэнээс хол зөрсөн дүгнэлт гаргаж, гэмтнийг гэсгээж, гэмгүйг гэмтэн болгож буй олон жишээ энэ байгууллагыг авлигад идэгдсэн үү гэж асуухад хүргэлээ.
Б.Цэдэн-Иш охиныг үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийнхэн хэрхэн дүгнэснийг энд дахин сөхөе.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч н.Энхбаяр, н.Ганбат, н.Чулуунцэцэг нар охиныг үхэлд хүргэсэн шалтгааныг цөсний цорогны үрэвсэлээс үүдэлтэй, цөсний хүүдий цоороогүй гэжээ. Харин бодит байдал дээр цөсний хүүдий цоорч, цөс ногоорсон байсан аж. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-нд Гэмтлийн эмнэлэгт талийгаач охинд хоёр дахь хагалгааг хийж цөсний хүүдийг авсан байна. Үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан нь элэгний үрэвсэл, үхжил гэж дүгнэжээ. Гэтэл хагалгаа хийх үед элэг задарсан байсан учраас оёдол тавьсан байгаа юм. Үүнийг шинжээч дүгнэлтдээ огт оруулаагүй байна. Нэг ёсондоо талийгаач олон удаа өшиглүүлж, зодуулснаас элэг нь задарч оёдол тавьсан байна.
Хамгийн ноцтой нь үхлийн шалтгаан “Гадны нөлөөгүй” талаар дүгнэлтдээ бичжээ. Харин хагалгаа хийсэн ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очир талийгаачийг гадны нөлөөтэй, зодуулсан байдалтай ирснийг баталж байгаа юм. Охины нуруу, толгой маш их гэмтэлтэй, зарим шарх сорви тодорхой хугацааны өмнө үүсээд бүрэн эдгэж амжаагүй ул мөр үлдсэнийг дүгнэлтэд дутуу бичсэн төдийгүй гэмтлийн зэргийг “Хүндэвтэр” гэсэн байна. Түүнчлэн дотуур цус алдалтын шалтгаан нь элэг задарснаас болсон байх магадлалтай аж. Учир нь их хэмжээний цус алдсанаас эхний хагалгааг зогсоохоос аргагүйд хүрч, цус тогтоох эмчилгээ хийсний дараа дахин хагалгаа хийсэн нь үүнийг нотолно гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Хагалгаа хийсэн эмч н.Цэнд-Очир “Хэвлийн хөндийн битүү гэмтэл” гэж оношлоод, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй гэж дүгнэсэн байх юм. Ийм л дүгнэлт гарч. Энэ дүгнэлтээр бол Г.Алтанхүү талийгаачид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, үхэлд хүргээгүй гээд тэнсэн харгалзах ял аваад өнгөрөх нь. Эрүүл ухаанаар бодоход 21 настай залуухан охин цөс, элэгний үрэвслээр 2-3 хоногийн дотор амиа алдана гэж байх уу. Цөсний чулууг авч, хорт хавдраар өвчилсөн элгийг хүртэл сольж, хүний амь аварч байна шүү дээ.
Энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй Хүний эрхийн хуульч М.Ичинноров шинжээч эмч н.Энхбаяр, н.Ганбат, н.Чулуунцэцэг нарыг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа. Цаашлаад прокурорын байгууллагаас дахин шинжээч томилох хүсэлтийг ч хүргүүлээд байгаа юм.
Хууль, шүүхийн байгууллагад шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн эсэх нь энэ хэргийг хэрхэн шийдэхээс харагдана. Бусдын зовлонгоор бизнес хийгч, авлигад идэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг орвонгоор нь өөрчилж, хууль бус үйлдлийг таслан зогсоох цаг иржээ, Хуульзүйн сайд аа.