“Ионсей” дурангийн хагалгааны зөвшөөрөлгүй нь илэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

“Ионсей” дурангийн хагалгааны зөвшөөрөлгүй нь илэрчээ

“Ионсей” эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан талаар бид мэдээлсэн. Чухам юуны учир ийн хаасан талаар  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах тайлбарыг өгч байна.

-“Ионсей-Найрамдал” эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүр мөсөн хаасан. Харин эмнэлгийн үйл ажиллагааг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгах хүртэл хугацаагаар түр зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ оны аравдугаар сард мэс заслын үйл ажиллагааг түр зогсоож, хугацаатай үүрэг өгсөн бөгөөд сая арванхоёрдугаар сарын 17-ны өдөр дахин шалгасан юм.

 Ионсей-Найрамдал эмнэлгийн удирдлагуудыг байлцуулан шалгахад албан шаардлагын хэрэгжилт  хангалтгүй, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр улиралд гүйцэтгэхээр төлөвлөж, хугацаат үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй байна.

Шалгалтаар, тус эмнэлэг нь дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй байжээ. Түүнчлэн  дурангийн багажийг угааж халдваргүйтгэх, ариутгахдаа тусдаа өрөө буюу ариун бүсэд угааж, ариутгадаггүй болох нь тогтоогджээ. Мөн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй, хангамж хүрэлцээгүй, орон тооны инженер, техникчгүй, мэс заслын тусламжийг үзүүлэхтэй холбогдуулан мэс засалд бэлтгэсэн байдал, мэс заслын явц, өвчтөнг эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн, мэс засалчийн болон хүүхдийн эмчийн хяналтгүй орхисон зэрэг олон зөрчлүүд илэрсэн тул тус эмнэлгийн дурангийн хагалгаа, оношилгоог бүрмөсөн хаасан байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж