Экспортоос импорт руу!

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Экспортоос импорт руу!

Улаан буудай экспортод гаргахаа мэдэгдэж байсан Монгол Улс ирэх жил импортоор оруулж ирэхгүй бол гурилын хэрэгцээгээ бүрэн хангах боломжгүйд хүрсэн тухай Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд өчигдөр дуулгалаа. Тариаланчдын хөлс хөдөлмөрөөр жилдээ 425.5 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь бүрэн хангах боломжтойг харуулж чадсан Монгол Улс ердөө жилийн дотор ургацынхаа гуравны нэгийг нь алджээ.
 
Шалтгаан нь газар тариалангийн салбарт төрийн бодлого тууштай хэрэгжээгүйн гор ийн гарч буй бололтой. Учир нь 2012 оны намар тариаланчид 425.5 мянган тонн улаан буудай хураан авсан баяртай мэдээг төрд дуулгахдаа нэг тонныг нь 400 мянган төгрөгөөр худалдан авах саналыг илгээж байжээ. Гэвч Засгийн газар 1 тонн улаан буудайг 320 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн авсан нийт буудайн хэмжээ 120 мянган тонн. Үлдэж буй 300 мянган тонн улаан буудайн багагүй  хэсгийг тариаланчид гурилын үйлдвэрт худалдсан ч санасан үнэндээ өгч чадаагүй. Мөн буудайн зарим хэсгийг борлуулж чадалгүй малын тэжээл болгосон тухай тариаланчид хэлж байна.

Ийн 2012 оны ургац хураалтаас алдагдал хүлээсэн тариаланчид өнгөрсөн хавар дахин “шатахгүйн” тулд буудайн тариалалтын талбайгаа багасгаснаар энэ жил 369.8 мянган тонн улаан буудай хураан авчээ. Өмнөх жилийнхтэй харьцуулахад улаан буудайн ургац 95.3 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Ирэх жилийн гурилын хэрэгцээг тасралтгүй хангахад 100 мянган тонн улаан буудай импортоор авч нөөцлөх шаардлагатай. Энэ нь ирэх жилийн шинэ ургац гартал дотоодынхоо гурилын үйлдвэрийг улаан буудайгаар таслахгүй байх, гурилын үнийг тогтвортой байлгахыг хичээж байгаа бодлого аж. Импортоор оруулж ирэх улаан буудайг Гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Татвараас чөлөөлөхгүй бол гурил үйлдвэрлэгчид гурилынхаа үнийг нэмэхээс аргагүй. Учир нь нэг тонн улаан буудай хойд хөршид 200 гаруй ам.долларын үнэтэй аж. Үүн дээр тээврийн зардал, бусад үйлдвэрлэлийн зардлыг оруулан тооцохоор гурилын өртөг өндөр гарах учраас татварын хөнгөлөлт үзүүлэхээс аргагүй тухай Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамныхан хэлж байна. Татварын хөнгөлөлтийг гурил үйлдвэрлэгчдэд 2014 оны зургадугаар сарын 1-н хүртэл эдлүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тодотгожээ.

Малын тэжээлийн үнэ хоёр дахин өсчээ

Тариаланчид улаан буудайн тариалалтаа багасгаснаар малын тэжээл ховордож тэр хэрээр үнэ нь хоёр дахин өссөн болохыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэр хэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үнээний фермерүүд олон байдаг. Гэтэл тэжээл нэг тонн нь 120 мянган төгрөг байсан бол одоо 240 мянган төгрөг болж өссөн аж. Өвөл, хаврын цагт үхрийг тэжээлээр бордохоос аргагүй, үнэ нь өссөн тул фермерүүд тугалаа зарж тэжээл авдаг гэнэ.

Мөн гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэсэн тэжээлээ БНХАУ-руу экспортолдог болсноор дотооддоо олдоц ч тааруу болжээ. Тиймээс гурилын үйлдвэрүүд улаан буудайг импортоор авахдаа Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн нөхцөлд малын тэжээлийн үнээ буруулж дотоодынхоо фермерүүдэд худалддаг байх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол газар тариалангийн салбарт үүссэн уналт мал аж ахуйн салбар тэр дундаа фермерийн аж ахуйд нөлөө үзүүлж, хүндхэн нөхцөлтэй тулж мэдэхийг үгүйсгэхгүй байна.

Тариаланчид рапс тариалдаг болжээ

Тариалсан улаан буудай нь үнэ хүрэхээ больж эргээд алдагдалд оруулж байгаа тул “шархаа” нөхөхийн тулд тариаланчид энэ жил түлхүү рапс тариалжээ. Газрын хөрсийг сүйтгэдэг байгаль орчинд халтай тул Хятад улс дээрх ургамлыг тариалдаггүй. Харин Монгол орон рапсийг тариалснаар урд хөршийн түүхий эдийг бэлтгэдэг бааз орон болж хувирсан гэлтэй. Рапсыг нэг тонныг нь 500 мянган төгрөгөөр үнэлэн борлуулдаг байна.  Эл ургамлыг боловсруулснаар тос гаргаж авдаг аж. Энэ жилийн хувьд Монгол Улс 37 мянган тонн рапс хураан авсан гэх мэдээлэл байна.

Цаашид яах вэ, мал аж ахуйн түүхий эдийн хувьд урд хөршийн бааз орон нь болчихсон шигээ рапсыг тариалж өгч газраа сүйтгүүлсээр суух ёстой юу. Сүүний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй хэрнээ малдаа өгөх тэжээлээ мөн л урд хөрш рүү экспортлон оронд нь хуурай сүү хэдэн мянган тонноор нь оруулж ирсээр байх уу. Энэ бүхэнд төрийн тууштай бодлого дутагдаж буйг харж болох мэт.

Тэр тусмаа улаан буудайг экспортлох хэмжээнд аваачиж чадсан атлаа одоо импортлохоос аргагүйд хүрчихсэнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан дүгнэлт хийх цаг болжээ. Улаан буудай аль ч улсад стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогдож ирдэг, энэ утгаараа газар тариалангийн салбартаа дэмжлэг үзүүлэх талд анхаарахгүй бол УИХ-ын зарим гишүүний хэлсэнчлэн “Хэдэн жил тариаланчдыг дэмжих гэсэн юм бэ” гэж жадалсаар суувал Монгол Улс хэзээ ч гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг болохгүй. 1990-ээд оны эхэн үед газар тариалангийн салбар унаж, Хятад улсаас гурил импортоор оруулж ирэхэд юу идэж байсныг эргэж нэг санах цаг болж… Нефтийн хувьд бусдаас 100 хувь хараат байгаа, арай гэж гурилын хэрэгцээгээ гадны орны хараанаас  гаргалаа гэж байтал дахиад орчих нь хөгжил мөн үү. Гадаадаас импортлох улаан буудай тариаланчдаас худалдан авах буудайнаас үнэтэй тусах болж буйг зарим хүн хэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газар экспортыг нэмэгдүүлнэ, импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгоно гэж ярьдаг. Гэтэл жил гаруй хугацаанд ажиллахад газар тариалангийн салбарыг экспортоос нь импорт руу тавиад туучихсан юм биш үү.  Атрын III аянаас олсон амжилт хаачив аа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж