Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Путины бас нэг ялалт

ОХУ Ерөнхийлөгч В.Путин эртний улс төрийн өстөн, газрын тосны магнат М.Ходорковскийд 11 жилийн дараа өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан нь түүний эрх мэдлийг дахин нотолсон юм. В.Путин жил бүр зохион явуулдаг “Дөрвөн цагийн марафон” хэвлэлийн хурлын үеэр “М.Ходорковский арав гаруй жил шоронд ял эдэлсэн. Энэ бол хүнд шийтгэл.” хэмээн түүнд өршөөл үзүүлэхээр болсноо мэдэгдсэнээр Кремлийн лидер Оросын сөрөг хүчнийг хөдөлгөж мэдэх улс төр, ёс суртахууны нөлөөтэй энэ эрд суудлаа алдахаас огт айхгүй байгаагаа харуулсан билээ.

В.Путины мэдэгдэл огцом эргэлт байв. Учир нь сүүлийн хэдэн сар Оросын хэвлэлүүдээр М.Ходорковскийд шинэ ял оноох үйл явц хэдийн эхэлж, суллагдах хугацааг сунгах тухай бичиж байсан юм. Хэрэв түүнд өөр ял оноовол ирэх зун суллагдах хөг нь өнгөрөх байв. Оросын хууль сахиулагчид энэ хэрэгт холбоотойгоор гэрчүүдийг байцааж эхлэхэд Оросын либерал эдийн засагч Сергей Гуриев гарцаагүй ирэх ялаас зугатаж, өнгөрсөн зун Франц руу дүрвэн гарсан юм.

М.Ходорковскийг дэмжигч, улс төрийн хүрээнийхэн болон хүнийн эрхийн бүлэглэлүүд түүнийг 2016 оны парламентын сонгууль эсвэл бүр 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулиас наана суллагдахгүй гэдэг таамаглалдаа итгэсэн байв. В.Путиныг эсэргүүцэгч хөдөлгөөнүүдийг М.Ходорковский хөдөлгөж, хүчтэй сөрөг хүчин болох эрсдэл Кремлийг хамгийн ихээр айлгаж байсан билээ.

Харин В.Путин ийм эрсдэлтэй шийдвэр гаргасан нь Сочийн өвлийн Олимпийн өмнө нэрээ цэвэрлэж, рейтингээ өсгөх гэсэнтэй холбоотой талаар хэвлэлүүд бичиж байна. Оросын Засгийн газар бэлгийн цөөнхийн хөдөлгөөнүүдийг ижил хүйстнүүдийн ухуулга сурталчилгаа хэмээн нэрлэж, хориг тавих гэж буй тухай шуугиан дэгдэснээс АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2014 оны өвлийн Олимпод оролцохгүй гэж мэдэгдсэн бол Германы Канцлер Ангела Меркел мөн уг үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөө байхгүй хэмээн “Focus” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон билээ. Нөгөө талаар ОХУ Сирийн асуудлаар баруунтай дипломат тэмцэл эхлүүлж, Украиныг Европын холбоонд нэгдэх гэрээг болиулсан гэмтэй. В.Путин ирэх хоёрдугаар сард өвлийн Олимпыг Сочид зохион явуулах батламжийг авах бөгөөд үүний тулд тэрбээр улс төрийн томоохон цэвэрлэгээ явуулахаар төлөвлөж буй. Мэдээж түүний зорилго бол Сочийн Олимпыг бойкотлох Барууны эсэргүүцлийг дарах билээ. Учир нь АНУ болон Европын холбооны зарим орнууд Сочийн Олимпыг бойкотлохоо энэ сард мэдэгдсэн юм. ОХУ-ын парламент саяхан хоригдлуудыг суллах өршөөлийн хууль баталснаар В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан болон бусад 22,000 хоригдол суллагдсан байна.

Тэдний дунд Кремлийн эрх баригчдыг гутаан доромжилсон гэгдэж хоригдсон панк “Pussy Riot” хамтлагийн гишүүд ч багтжээ. Өнгөрсөн оны эхээр ОХУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийн жагсаал өрнөсөн нь тус улсын түүхэнд хамгийн олон хүн оролцсон жагсаал цуглаан болсон юм.

Харин Оросын тэрбумтан М.Ходорковский В.Путины улс төрийн нөлөө хүчирхэгжихээс ч өмнө хоригдсон билээ. Нэгэн цагт Оросын хамгийн баян эр гэгдэж байсан М.Ходорковский В.Путиныг ерөнхийлөгчөөр анх сонгогдох үед улс орныг удирдах эрх мэдлийн төлөө В.Путины эсрэг Оросын хамгийн хүчирхэг олигархиудын бүлгийг тэргүүлсэн. Оросын олигархиуд В.Путиныг 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход хуучин КГБ-ын дуу цөөтэй тагнуулыг тайзны араас удирдаж болох үнэнч, хүний үгээр хэмээн тооцсон боловч түүний амбицийг буруу тооцоолсон билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ В.Путин олигархиуд ялангуяа өмнөх улстөрчдөд үйлчилж байсан тэрбумтан Борис Березовскийн эсрэг дайн зарласан юм. В.Путин цагдаа, прокурор, шүүхийн тусламжтайгаар стратегийн үйлдвэрүүдийг гартаа оруулж, эрх мэдлээ улам тэлж байв. 2003 онд М.Ходорковский В.Путины эсрэг зогсч чадах ганц хүн болсон байв. Дараагийн жил нь М.Ходорковский сонгуульд В.Путинтай өрсөлдөхөөр бэлтгэж байсан билээ. М.Ходорковскийд тэр үед Оросын хамгийн том газрын тосны компани “Юкос”, түүнд үнэнч хууль тогтоогчид парламентад байсан нь В.Путинд заналхийлэл дагуулж байв. Харин 2003 оны намар М.Ходорковскийг Сибирийн онгоцны буудал дээр баривчилж, улсын мөнгө шамшигдуулж, мөнгө угаасан хэргээр хорьсон.

Өршөөлөөр суллагдсан даруйдаа М.Ходорковский шоронд өмсч байсан хувцастайгаа Герман руу нисэн ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Берлинд хийсэн хэвлэлийн хурлын М.Ходорковский Орост эргэж очихгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр “Улс төрийн асуудал миний хувьд үгүй болсон. Би эрх мэдэлд хүрэхийг огт сонирхохгүй байна.” гэжээ. М.Ходорковский мөн сэтгүүлчдэд хандан “Орост одоо ч улс төрийн хоригдлууд байгааг барууныхан мартаж болохгүй" гэсэн юм. Гэвч Сочийн өвлийн Олимпыг бойкотлохыг эсэргүүцэн “Энэ үйл явдал бол сая сая хүний баяр наадам болохоос зөвхөн В.Путинд зориулсан баяр биш,” гэсэн байна.

В.Путины өршөөл үзүүлсэн тухайд тэрбээр “Хийгээгүй хэргийг хүлээнэ гэдэг миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл.” хэмээгээд “В.Путинд талархал илэрхийлэх нь хаашаа юм, гэхдээ ийм шийдвэр гаргасанд нь баярлаж байна” гэсэн байна.

“Юкос” компани 2006 онд дампуурлаа зарлахад компанийг хувааж, дуудлага худалдаанд оруулсан бөгөөд төрийн өмчит Роснефть компани худалдан авсан байдаг. М.Ходорковский 2003 онд баривчлагдсаныхаа дараа компанийнхөө өөрийн нэр дээрх хувьцааг бизнесийн хамтрагчдаа шилжүүлсэн юм. Нэгэн цагт Оросын хамгийн баян хүн байсан М.Ходорковский “Санхүүгийн хувьд ажил хийж, мөнгө олно гэж санаа зовохооргүй хангалттай хөрөнгө бий. Би үлдсэн амьдралаа намайг шоронд байх хугацаанд надаас илүү зовж, шаналсан гэр бүлийнхэндээ зориулж, Оросын нийгэмд өөрчлөлт авчрахын төлөө идэвхитэй амьдарна” гэжээ.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж