Төрийн банкны экс удирдлагуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Төрийн банкны экс удирдлагуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүний албаны мөнгө хувьдаа завшсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт багагүй хугацаанд шалгасан. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явааг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг манайд ирүүлсэн. Хүсэлтийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэлээ.

Сануулахад, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг сэжигтнээр татан шалгаж байсан билээ. Дээрх ТУЗ-ийн гишүүдийг  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байсан юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа Төрийн банкинд санхүүгийн шалгалт оруулахад ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүртээ сайн ажилласны урамшуулал хэмээн өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон байдаг. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү хамаатан, садандаа зургаан хувийн хүүтэй зээл олгосон хэрэгт сэжиглэж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж