Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Шархүү авардс-2013

Оны шилдгүүд, онцлохууд тодорсоор. Төлбөртэй, төлбөргүй, гуйж авсан, гуйгаагүй байхад нь өгсөн шилдэг шагналаар нэгнийгээ булсаар. Шагнал өгч чадахгүй ч “Шархүү Авардс”-д түрүүлсэн гэгдэх алдлаа хаана ч ашиглах эрхийг нь өгөөд хэдэн нөхдийг тодруулж орхиё.

Энэ жилийн хувьд улс төрчдөд халгаатай, дааганаас унаж биш, даравгараасаа болж “үхдэг” гэдгийн жишээ олонтаа байлаа. Эхэнд оны “даравгар”-ыг тодруулахад төрийн ордонруу салаавч гаргаад, сүүлд нь уучлалт гуйсан Ч.Ганхуяг “Салаавч” нэрээрээ, эдээрээ гайхуулж твиттертээ онгирсон Л.Эрдэнэчимэг гишүүн “Бенз” хочоороо, латин үсгийг ашиглах зохиогчийн эрх авч чухал ажил хэрэгч гэдгээ харуулахыг хүссэн  Ц.Цолмон гишүүн “патент” алдраараа,  тоглож суугаад дуранд өртөөд, хурлаа бусдын адил л тасалчихдаг байж гэж халаглаж суусан З.Баянсэлэнгэ гишүүн “Кандикраш” нэрээрээ ширүүн өрсөлдлөө.


“Оны ухаарал хайрласан тайлбар”
номинацад хэд хэдэн даргын тайлбар, үг өрсөлдсөн бөгөөд ард түмнийг шүүмжлэлээ больж хэлсэн үгэнд нь итгэх ёстойг сануулсан явдал гэж ойлгов. Эхэнд Ерөнхий сайдынхаа хэлснийг дурдахгүй бол алдас болно. Түүний хэлсэн “Өндөгний үнэ нэмэгдсэн гээд байх юм өөр зүйл бий шүү дээ. Будаа үнэтэй байгаа бол гурилаа аваад идэхгүй юу даа. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм бий шүү дээ” гэх тайлбар нэр дэвших эрхээ төвөггүй авав. Араас нь  Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы хэлсэн “Угаар ихсээд байна гэх юм. Үнэндээ агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан” гэх тайлбар нэр дэвшив. Утаа ихэсч байна гэж шүүмжлээд байгаа нь бидний буруу бололтой. Төр засаг маань бидний төлөө ажиллаж байхад нь бид шүүмжлээд л сууж болно гэж үү, хорт бодис нь буурсан гэж дарга худлаа хэлэхгүй нь лав. Хамарт үнэртэж, уушиг өвтгөж байгаа, нүд хорсгож, ханиалгуулж байгаа энэ мэдрэмж чинь худлаа шүү.

“Оны сэтгэл зовоосон асуудал” -аар “Найман хувийн хүүтэй орон сууцны зээл”-нд хамрагдчих юмсан гэх олон иргэдийн зовинол, Өвөл дуустал цонхныхоо салхивчийг зуухны ам гэж нэрлэе гэх утаанаас залхсан бухимдал өрсөлдсөн ч оюутнууд өөрсдийн “далан мянга” –аа оруулаад л түрүү байрыг авчихлаа.

“Оны олныг талцуулсан сэдэв” төрөлд цагаан толгойн 35 үсэгнээс 4-үсэг хасах эсэх маргаан, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх маргаан, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон шийдвэрүүд өрсөлдлөө. Энэ төрөлд мөн л нэгэн шинэ сэдэв нэр дэвшсэн дариуд ялсан нь Н.Номтойбаяр гишүүнийг хүн хутгалсан уу гэдэг байв. Яахын аргагүй эхэндээ Н.Номтойбаяр хутгалсан тухай мэдээллүүд явж байсан бол сүүлдээ залуухан гишүүн маань хутгалуулсан ч юм шиг болоод явчихсан. Ирэх онд энэ маргаан ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд уг хэрэг сүүлдээ Н.Номтойбаярын хэн нэгний амь насыг хамгаалсан баатарлаг явдал болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй.   

“Оны уучлалт” төрөлд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдоржийн “Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь, 1990 оноос хойш эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай ханадана” гэж хэлснийхээ төлөө гуйсан уучлалт. Төрийн ордон руу салаавч гаргасан Ч.Ганхуягын “Энэ бол яах вэ, саваагүй үйлдэл байсан. Ерөнхий сайдынхаа цонх руу, Их хурлын даргынхаа цонх руу бүдүүлэг үйлдэл хийсэндээ уучлал гуйж байна” гэх уучлалт. Таксины үнийг 300 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэндээ харамсаад иргэддээ толгой бөхийлгэн гуйсан уучлалтууд өрсөлдлөө. Б.Пүрэвдоржийн хувьд Ерөнхийлөгчид загнуулж байж гуйсан, Ч.Ганхуягын хувьд Р.Амаржаргалыг огцрох яриа өрнөж, нөхөн сонгуульд өрсөлдөх боломж гарч ирэнгүүт уучлалт гуйсан тул нэг их үнэ цэнэд хүрсэнгүй. Ингээд О.Магнай энэ төрөлд тодров. ШӨХТГ-ын даргаар очоод 2012 оны онцлох хүнээр тодорч байсан зэрэгтээ оодорч олон ч хүний дургүйг хүргэсэн шийдвэр гаргаж, намынхаа нөхдөд “толгойгоо хагалуулах” дээрээ тултал нь нүд үзүүрлэгдэж байгаагаа ойлгоод ирэх онд ханатай, үнэ цэнэтэй цөөхөн ч хамаагүй зөв шийдвэр гаргахыг хүсч байна.

“Оны тэнэг үг, тэнэглэлд” Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн 21 настай В.Мөнгөнчимэг гэх бүсгүй бурхан төрүүлж байна гээд залгисан зүйлээ гаргадаг байсан үйлдэл. Мөн Ө.Энхтүвшингийн  МАН-ын даргаар ажиллаж байхдаа, Чингисийн талбай Сүхбаатарынх байх үеийн нэгэн улс төрийн цуглааны үеэр “нэг килограмм махны үнэ 1200 төгрөгт хүрээд байна” гэх мэдэгдэл хүчтэй өрсөлдөв. Нэг нэр дэвшигчээс өрсөлдүүлсэн “бүтээл”-ийнхээ тоогоор бол Хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягыг бараадах оролцогч гарсангүй. 


“Оны шударга журамтан”
номинацад Ж.Батзандан ялахыг үнэхээр хүссэн бололтой. Түүний төрсөн ахыгаа ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцож өгөхийг хүссэн хүсэлт өндөр оноо цуглуулав. Гэвч Хууль зүйн сайдыгаа торгож, хэлтэс дээр очиж бичиг баримтаа аваараа гэж “томорсон” замын цагдааг арай барсангүй.

“Оны кино шиг амьдрал” төрөлд Төрийн ордны хашаанд буун дуу гаргасан тэмцэгчдийн үйлдэл, хотын төвөөр мина хайж, хөл хорьж сандралдсан тусгайгийнханы ажиллагаа, Ерөнхий сайдын төөрсөн түүх, Дэд сайд Б.Ургамалцэцэгийн ажилтан руугаа “халуувтар цай цацаж, самардах цохилт” зодоон, Н.Энхбаярыг уучилж сулласан явдлууд өрсөлдлөө. Ерөнхий сайдын Бурхан Халдунаа төөрсөн явдлыг нүдэнд харагдтал ярьсан зөвлөхийнхөө ачаар энэ төрөлд сайд маань түрүүллээ.  

“Оны өсөлт” номинацад ноён долларыг нэр дэвшүүлж байгаа сургаар өөр өрсөлдөгч гарч ирсэнгүй. Нэгэнт түүнийг барах өрсөлдөгч үгүй хойно яалтай ч билээ. ”Төгрөгөөрөө чамайг даллая. Хямрахаараа чамайг айлгая, Миний доллар буугаад ирээ. Ухаантай даа миний доллар буугаад ир ээ хурай хурай хурай” гэсээр түүнд ялалтыг нь өгье дөө. 

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж