Чанартай ганц дээлтэй болохсон

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Чанартай ганц дээлтэй болохсон

Би гэж найгүй амьтан. Ер ажлаа амжуулж чадахгүй юм. Уг нь цаг наранд хавчигдсан, чанга хатуу байгууллагад ажилладаггүй л дээ. Чөлөөт сэтгүүлч ухаантай юм. Өглөөг мэдээ үзэхээр эхлэнэ. Сэтгүүлч юм болохоор хэрэгт дуртай гэж. Телевиз, сонин, сайтын мэдээ, мэдээллийг нэлээн сайн шүүрдэж эх орондоо болж байгаа болон хорвоо дэлхийн үйл явдлаас хоцрохгүйг санаархана. Сонирхосноо дэлгэрүүлж үзнэ, уншина, гүүгэлдэнэ.  Өөрийгөө боловсруулах санаатай шинэ ном, сэтгүүл хайна. Олно, солилцоно. Шимтээд суучихна. За, тэгээд өөрөө юм хүм бичнэ ээ. Санаа оноо олох, хүмүүстэй уулзах, баримт сэлт цуглуулах гээд өдрийг барна. Нээт ухна. Хүмүүстэй болзоно, хүлээнэ, түгжирнэ. Хүн л юм болохоор дундуур нь хоол унд идэж, дэмий ярьж хамаг цаг барахыг яана. Эмэгтэй хүн л юм болохоор гэр орны ажил мундахгүй. Эх хүн л юм болохоор эцэг эхийн хуралд суух, хичээл давтуулах, багт наадмын хувцасны эрэлд гарна. Ах дүү нар, хөгшчүүдийн асуудал гээд сэхээ өгөхгүй. Дээр нь эрдмийн ажлын хугацаа тулчихсан, бас нэг төрийн бус байгууллагын идэвхтээн. Тэгсээр байгаад зарим өдөр юу ч бүтээгээгүй, амжуулаагүй байх нь элбэг. Үнэн чанартаа сайн сэтгүүлч ч биш, сайн гэрийн эзэгтэй ч биш, нэг муу дундаж сэхээтэн л үлгэн салган явна.  

Тэгээд энэ УИХ-ын гишүүн-Сайд нарт атаархдаг юм. Ямар сайхан потенциалтай улс вээ гэж. Тэр өндөр хариуцлагатай, олон төрлийн ажлыг яаж амжуулдаг юм бол. Үндсэн ажлаас нь эхэлье л дээ. УИХ-ын гишүүн хууль санаачилна. Мэдээж тэнгэр харж байгаад санаачлаад байхгүй нь лав. Судална, хүмүүстэй харилцана. Түүнийгээ хэлбэршүүлэн биежүүлэх ажлын хэсгийг олно. Хуваарь гаргана, хуралдаа сууна. Өргөн барина, батлуулах гэж үйлээ үзнэ. Бусад субъектүүдийн санаачилсан хуулийг уншина, судална, саналаа өгнө. Мэдээж хэрэг санал нь шальдар бульдар байхгүй тул дахиад мэргэжлийнхэн болон салбарынхан, санаачлагчидтай уулзана. Хууль тогтоох байгууллагын бас нэг үндсэн үүрэг болох хяналт шалгалтын ажилд томилогдоно. Заримыг нь өөрөө санаачилж хянуулна. Зөвхөн хууль батлах үндсэн ажил нь завсаргүй эргэнэ.  Хажуугаар тойргоо тойглож байхгүй бол дараа очих нүүргүй болчихно оо. За, тэгээд Засгийн газрын сайдынхаа ажлыг давхар  хийнэ. Нэг ч биш хэд хэдэн салбарын ажлыг ягштал мэднэ гэдэг ёстой ланжгар шүү. Соёлын хууль харж байтал динозаавр батаарын асуудал ороод ирнэ. Тэгж байтал олимпод оролцох төсөв батлах хурал зарлагдчихсан  байдаг. /зөвхөн жишээ татав/ Аль нь юу боллоо гэж самуурах явдал ч  байна. Хүн л  болсон хойно, ямар компъютер биш. Энэ ч дүүрч, хариуцсан газар хэлтэс, агентлаг сайн бэлдсэн биз гэж найдъя. Харъяа агентлагууд амар заяа үзүүлэхгүй ээ. Арайхийж томилсон даргаа авч хаяна гээд бөөн шуугиан, суудал зарласан байх. Сөрөг хүчнийхэн гэж хүний мууд дуртай юмнуудыг бас яана, элдвээр гоочилж, асуулт асуулга болоод л. Өөрсдөө зовлонг нь мэдэхгүй биш гэж заримдаа зад хэрэлдмээр санагдана. Гэхдээ болохгүй л дээ ажилдаа түүртэж буй байдал үзүүлбэл өгөөш болно. Гэр орны асуудал, сайн аав, халамжтай хань өнгөрсөөн өнгөрсөн. Буянаараа болог, өгдөгийг нь сайн өгч байгаа юм чинь зохицуулж байгаа биз.  

Нээрэн УИХ-ын гишүүн-Сайд нар заримдаа над шиг алин ч үгүй гурилддаг юм биш байгаа. Тэгвэл мөн хэцуу еэ. Би ч яахав, миний хувийн асуудал, харин  тэдний ард хэн, юу хохирохыг хэлэхэд хэцүү юм. Ингэж томдчихсон давхар дээлтэй халууцаж, мэнэрч, олонд ад үзэгдэж байснаас сайхан, чанартай дан дээлэндээ жавхайж явбал хүн харах нь ээ тэгш дүүрэнсэн.

                                                                                                      Б.УУГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж