Шинэ жилийн баярын ширээний өртөг

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баярын ширээний өртөг

Шинэ жил ойртож байгаатай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Үүнтэй холбогдуулан энэ жил айл бүрийн баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн ямар өртөгтэй байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний тасгаас сурвалжиллаа. “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлэгчид өчигдөр энгийн өдрөөс хоёр дахин их байлаа. Хамгийн түрүүнд бялууны лангуун дээр очлоо. Баярын ширээний хамгийн чухал зүйлийн нэг болох бялуу дунджаар овор хэмжээ, орц найрлагаасаа хамаараад дотоодын үйлдвэрийнх 7500-18000 төгрөг, орос торт 12000-15000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Дараагийн лангуу жимсний лангуу байлаа. Бидний хэрэглэж заншсан урд зүгийн алим, жүрж тэргүүтэй арваад төрлийн жимс жимсгэнэ дэлгээтэй байна. Үүнд усан үзэм хамгийн үнэтэй, ясгүй нэг килограмм нь 15000 төгрөг бол харин ястай нь 6500 төгрөг. Мөн алим сортоосоо хамаараад дунджаар 3500-8000 төгрөг, мандарин мөн л жижиг томоосоо хамаараад 2000-5000 төгрөг, киви 6500 төгрөг, гадил 4000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байлаа.

Баруун талынх нь лангуунд хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хиам худалдаалж байна. Бидний баярын ширээн дэх гол бүтээгдэхүүн бол хиам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Хамгийн хямдхан нь гахайн махтай чанасан хиам нэг килограмм нь 6500 төгрөгийн үнэтэй байв. Хямд үнэтэй хиам нь 7000 төгрөгийн үнэтэй бол мах импексийн давхар утлагат хиам нэг килограмм нь 11000-13000 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна. Энэ эгнээний төгсгөлд хөндлөн ногооны лангуунууд дайралдав. Хүн багатайхан шиг лангуун дээр очиж үнэ асуулаа. Уг лангуунд дан Монгол ургацын ногоо зардаг  гэсэн бөгөөд Жаргалант, Орхонтуул гэх хэд хэдэн нэр тавьсан байв. Хямд төмс нь нэг килограмм нь 700 төгрөгийн үнэтэй байхад хамгийн үнэтэй Төв аймгийн Жаргалантын төмс 900 төгрөг байх жишээтэй. Мөн лууван 1200 төгрөг, байцаа 1500 төгрөг, сонгино том жижгээсээ хамаараад 1500-2000 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нарийн ногоо болох чинжүү нэг килограмм нь 3500 төгрөг, өргөст хэмх 3500 төгрөг, улаан лооль 4000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Явсаар дараагийн эгнээнд ороод эхний лангуунд шилтэй өргөст хэмх, саладны лангуугаар үнэ сонирхлоо. Эднийд дотоодын үйлдвэрийн шилтэй саладнууд дунджаар 1800-2600 төгрөгийн үнэтэй байгаа бол шилтэй өргөст хэмхийн хувьд 500 граммтай нь 4000 төгрөг, 2.5 килограммын савалгаатай нь 8500 төгрөгийн өртөгтэй ажээ.

Мөн саладны гол материалууд болох өндөг болон майонезны үнэ сонирхлоо. Өндөгний хувьд хэмжээнээсээ хамаараад 330-400 төгрөг байна. Баяр дөхүүлээд хамгийн их үнэ нь өсдөг зүйлийн нэг бол өндөг. Тэгвэл энэ захын худалдаачид цаанаасаа үнэ нь нэмэгддэг гэлээ. Дан ганц манай оронд төдийгүй дэлхийн бүх оронд зул сарын өмнө өндөгний үнэ өсдөг байна. Харин майонез дотоодын үйлдвэрийнх, Солонгос, ОХУ-д үйлдвэрлэсэн хэд хэдэн төрөл байна. Дотоодын үйлдвэрийн майонез 250 граммтай нь 1600 төгрөг, Орос майонез 500 граммтай нь 3800 төгрөг, 2.5 килограммын савалгаатай нь 8500 төгрөг, Солонгос майонез нэг килограммтай нь 6000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Баярын арга хэмжээний орхигдуулж болохгүй идээ нь оргилуун дарс.  Архины тасагт хүүхдийн оргилуун дарс гурван төрөл, том хүнийх долоон төрөл байв. Оргилуун дарсны ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн импортынх ажээ. Үнийн хувьд хүүхдийнх 3500-5000 төгрөг, том хүнийх буюу спирт найрлагандаа спирт агуулсан нь чанар, баглаа боодлоосоо хамаараад 5000- 20000 төгрөгийн өртөгтэй байна.

Гарах замдаа янз янзаар савла­сан хүүхдийн бэлэг олж харлаа. Хүү­хэд бүр шинэ жилээр бэлэг авахыг хүс­дэг. Эцэг эхчүүд ч мөн болом­жоо­роо хүүхэддээ хамгийн сайхан бэл­гийг авч өгөхийг хичээдэг. Иймээс хүүхдийн бэлэгний сонголт их юм. Жижиг ууттай хямд нь 3500 төгрөг байхад, тоглоом идэх юм хамтад нь боосон том ууттай нь 19000 төгрөг байлаа. Гэхдээ боломжийн дунд зэргийн савалгаатай бэлгийг 10000 төгрөгөнд авах боломжтой ажээ.

Бөмбөгөр захын наймаачдын хувьд “Бид хүнсний бүтээгдэхүүнээ гэрээт бөөний төв болон хүнсний үйлдвэрүүдээс шууд авдаг. Тэд үнээ нэмбэл бид ч бас нэмэхээс өөр аргагүй байдалд ордог” гэж ярилаа. Баярын өдөр ойртохоор өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа бололтой. Өндөг харин 100 төгрөгөөр өсчээ.

Д.МЯГМАРДОРЖ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж