П.Цагаан: Спортод эв нэгдэл чухал

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Спортод эв нэгдэл чухал

Шилдгийн шилдэг тамирчин жудоч М.Уранцэцэгт шагнал гардуулав

Монголын Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулж, Монгол Улсын 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслол өчигдөр орой боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож 2013 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон 2013 оны ДАШТ-ний аварга, олон улсын хэмжээний мастер жудоч Мөнхбатын Уранцэцэгт шагналыг нь гардуулж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Энэ сэтгэл догдлуулсан мөчид энд хуран чуулсан алдар цуутай тамирчид, дасгалжуулагчид, спортод элэгтэй та бүхэнд оройн мэндийг хүргэж ирэх 2014 ондоо аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Монголчууд, тамирчид эв нэгдэлтэй байх юм бол сайн сайхан үйлс, олимп, тив, дэлхийн аваргын цом Монголд ирэх цаг ирнэ. Та бүхэндээ маш их баярлаж байна. Та бүхэнд амжилт хүсч дараа дараагийн тэмцээнүүддээ маш хариуцлагатай бэлтгэж өндөр амжилт гаргаарай” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр тамирчдад эв нэгдэл хамгийн чухал болохыг онцолж байлаа. Ирэх 2014 он бол Рио-де-Жанейрод 2016 онд болох олимпийн наадамд бэлтгэх чухал үе. Монголчууд түүхэндээ эвтэй байсан үедээ л хамгийн том ялалт, амжилтад хүрдэг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2040 оны олимпийг эх орондоо зохион байгуулах боломжтой талаар хэлж байсан. Үүнд монголчууд, тамирчид, дасгалжуулагчид хамтын хүчээр, эв нэгдэлтэй байж хүрч чадна гэдгийг тэрээр онцлон хэлэв.

Шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон жудоч Мөнхбатын Уранцэцэг жудочдын “Хамтын хүч-амжилт” гэсэн уриагаа хэлж энэ өндөр шагнал хүртээсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй амжилт гаргана гэдгээ илэрхийлэв.

Мөнхбатын Уранцэцэг нь “Рио-де-Жанейро-2013”  наадмын жудо бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-ний аварга болсон юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж