Пентагоны тэмцээнд Япон робот тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Пентагоны тэмцээнд Япон робот тэргүүлжээ

АНУ-ын Пентагоны судалгааны нэгж “DARPA”-гаас  өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан хоёр өдрийн роботын тэмцээнд японы  “Schaft” багийн  зохион бүтээсэн робот тэргүүлжээ. “Google” компанийн нэр дээр тэмцээнд оролцсон япон багийн робот тэмцээний найман төрлийн аврах даалгаварт өндөр оноо авч, бусдыгаа тэргүүлсэн байна.  Майамийн ойролцоо зохион байгуулсан Пентагоны тэмцээнд нийт 15 баг оролцосноос гурвынх нь робот ямар ч даалгаврыг гүйцэтгэж чадалгүй бүтэлгүйтсэн гэнэ. Пентагоны судалгааны нэгжийн албаныхны зүгээс роботын тэмцээнээр дамжуулан 2011 оны Фукушимагийн АЦС-д болсон цөмийн осол гэх мэт хүн ажиллахад аюултай нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулах боломжит роботыг хөгжүүлэхийг зорьжээ.

Роботын тэмцээний даалгаваруудад:

1.    Чиглэлийн дагуу жолоодлогоор явах
2.    2.4 метрийн өндөртэй шатаар өгсөх
3.    Зам хаасан эд юмсыг зайлуулах
4.    Хаалганы бариулыг эргүүлж онгойлгох
5.    Бартаат замаар явах
6.    Утасгүй өрөм ашиглан ханыг янз бүрийн хэлбэрээр зүсэх
7.    Янз бүрийн хэмжээтэй дугуй эсвэл үетэй гурван агаарын хавхлагийг хаах
8.    Резинен хоолойг задалж, хананы завсараарх нүхээр оруулах зэрэг багтжээ.

Роботын тэмцээнд эхэндээ 100 гаруй баг бүртгүүлсэн байснаас 17-г нь Пентагоны судалгааны нэгжээс сонгон шалгаруулсан аж. Тэмцээнээс шилдэг наймант  шалгарсан  багууд цаашид “DARPA”-гийн санал болгож буй нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтын төлөө эцсийн байдлаар роботынхоо чадамжийг сайжруулах ёстой гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж