Сноуден Германы эрх баригчдад санал тавив

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Сноуден Германы эрх баригчдад санал тавив

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны экс ажилтан Эдвард Сноуден тагнуулын агентлагийн нууц материалуудыг задруулснаас үүдэн олон улсад ихээхэн үл ойлголцол үүссэн. Үүнээс АНУ-ын тагнуулын тусгай агентлаг олон орны Ерөнхийлөгч, улстөрийн дээд албан тушаалтнуудын гар утас, цахим харилцааг тандаж байсан гэх мэдээлэл том дуулиан дэгдээсэн билээ. АНУ-ын увайгүй үйлдлийг Бразиль, Герман тэргүүтэй орнууд эмзгээр хүлээн авч, хүчтэй дургүйцэл илэрхийлсэн юм. Тиймдээ ч эдгээр орнууд ОХУ-д түр орогнож буй Эдвард Сноудентэй холбогдож, тагнаж, туршсан гэх хэргийг нарийн мөрдөн шалгахыг хүсэх болжээ. Харин Эдвард Сноудений зүгээс тэдэнд тусалсныхаа хариуд өөрт нь орогнол олгох ганцхан нөхцөл тавьж байгаа аж.

АНУ-ын тагнуулын чухал мэдээллийг задруулж эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж буй Эдвард Сноуден ОХУ нэг л өдөр түүнийг эх орноосоо хөөн гаргахаас өмнө өөр орноос орогнол олох нь амь үлдэх гарц аж. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард ОХУ-аас түр орогнол авахаас өмнө олон улсад хүсэлт тавьсан боловч нэг нь ч түүнийг өөртөө авч, АНУ-тай өс зангидахыг хүсээгүй. Харин хэд хэдэн нууц материал задруулсны дараа олон улс түүнийг сонирхож эхэлжээ. Үүнийг нь далимдуулаад Эдвард Сноуден өнгөрсөн долоо хоногт Бразилийн талд АНУ-ын булхайг илчилж өгөхийн хариуд орогнол хүссэн. Гэхдээ Бразилийн эрх баригчид түүний саналыг хүлээж аваагүй. Тэгвэл тэрээр энэ саналаа Германы талд тавьж, ихээхэн найдлага тээж буй тухай тус улсын “Stern” сэтгүүлд нийтэлжээ. Эдвард Сноудений үзэж буйгаар АНУ-ын тагнуулын агентлаг канцлер Ангела Меркелийн гар утсыг тандсан гэх мэдээлэлд маш их дургүйцсэн Германы эрх баригчид түүнд орогнол олгох магадлал өндөр аж. Харин Германы эрх баригчид Эдвард Сноудений саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж