
Монгол Улсад одоогоор 258 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудад аливаа хяналтыг тавьдаг бөгөөд ээлжит хуралдаанаараа тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэр гаргажээ. Тодруулбал, ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө гурван жилийн хугацаатайгаар Санхүүгийн зохицуулах хорооноос авч, хугацаа нь дуусахад дахин сунгуулдаг байсан юм. Тэгвэл хорооноос ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгож байхаар боллоо. Мөн гурван жилийн хугацаатайгаар олгосон байгаа тусгай зөвшөөрлийг ч хугацаагүй болгожээ. Ингэснээр ББСБ-ууд гурван жил тутамд тусгай зөвшөөрлөө сунгуулах бичиг баримт боловсруулж, хороонд хандах цаг хугацаа алдах, явдал чирэгдэлгүй болох ажээ. Харин хяналт шалгалтыг иргэдийн санал, гомдолд тулгуурлан гэнэтийн болон төлөвлөгөөтөөр хийж байх нь хэвээрээ юм байна.
Б.МИШЭЭЛ