“Аwards”-уудад босго нэмлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

“Аwards”-уудад босго нэмлээ

“Алтан шонхор” энэ жил өөрөөр “дэвлээ”. Телевизийн мэргэжлийн уран бүтээлчдийн хүндэтгэлтэй ёслол гэхэд өмнө нь энэ наадам өөр болдог байсан.

Найр ч юм шиг, эсвэл сэтгүүлчдийн шинэ жил ч юм шиг. Байгууллага бүр нэг ширээ тойрч суун найрлаад л тэрэн дундаас телевизийн дарга нар нь сэтгүүлчдээ өөрсдөө шүүж, өөрсдөө шагнах маягаар зохион байгуулдаг байв. Үнэнийг хэлэхэд, “Алтан шонхор”-ын шүүлтийг үнэн зөв гэдэгт үзэгчид ч эргэлздэг байсан. Энэ жил манайх, ирэх жил танайх гэдэг шиг ээлж дараалан шагнагддаг болохоор энэ наадмын мэргэжлийн ёс зүйн үнэлэмж салбарын хүрээндээ ч унаж эхэлсэн нь үнэн.

“Алтан шонхор” бол манайдаа л телевизийн урлаг, телевизийн уран бүтээлчдийг мэргэжлийн хэмжээнд шүүн тунгааж байгаа ёслолын гол арга хэмжээний нэг. Энд 19-р зууны хамгийн том ололт телевизийн урлагт хүч сорьж байгаа, хөгжүүлж байгаа, хөдөлмөрөө зориулж байгаа уран бүтээлчид үнэнчээр өрсөлдөж, үнэнчээр үнэлүүлдэг байх нь л чухал болохоос бүгдийг нь шагнах гэсэн хуваарилалт биш юм.

“Алтан шонхор-2013” наадам харин энэ байдлыг өөрчлөх эхлэлийг тавьж, зохион байгуулалтын хувьд ч шинэлэг хэлбэрийг илэрхийлэн гаргаж ирлээ. Ёслол арванхоёрдугаар сарын 20-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон юм.

“Алтан шонхор” наадмыг Монголын телевизүүдийн холбоо санаачилсан бөгөөд холбооны гишүүн телевизүүд жил бүр ээлжлэн наадмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг юм. Энэ жил “хонины ээлж” таарсан байгууллага нь “Eagle” телевиз. Найм дахь жилтэйгээ золгож байгаа “Алтан шонхор”-ын шалгаруулалтад энэ удаа холбооны гишүүн есөн телевизийн уран бүтээлчдийг 18 төрөлд өрсөлдүүлсэн байна. 18 шилдгийг телевизийн дарга нар өөрсдөө биш, хөндлөнгийн шүүгчид /мэргэжлийн уран бүтээлчид/ шүүн тунгаав. Энэ л “Алтан шонхор” наадмын хамгийн том амжилт.

Жишээ нь, энэ жилийн наадмыг ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монголын Хэвлэлийн хүрэлээнгийн захирал М.Мөнхмандах, “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Нандинтүшиг нарын сэтгүүлзүйн талыг төлөөлсөн шүүгчид, Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Жаргал, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, найруулагч Б.Баатар /Hero entertainment/, Монголын зураглаачдын ассоциацийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвдорж, Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж, хяналт зорхицуулалтын албаны мэргэжилтэн О.Цэнд-Аюуш, “Maксима” консалтинг компанийн төлөөлөл Т.Энхтунгалаг нарын уран бүтээл, инженер, найруулгын шалгуурыг харах мэргэжлийн шүүгчид шүүн тунгаасан юм. Шалгаруулалтыг ингэж өөрсдөөсөө холдуулж, өрөөнөөсөө гаргаснаараа энэ наадам илүү үнэн харагдаж байлаа.
Телевизийн урлаг бол маш олон мэргэжлийн цөм. Тэнд сэтгүүлч, найруулагч, зураглаач, инженер техникийн ажилтнууд мэргэжлийн ажил явуулж байдаг тул үзэмжээр юм уу, хуваарилалтын хэлбэрээр үнэлэмж гаргах нь хэвлэлийн ёс зүйд ч, уран бүтээлийн чанар талаасаа ч байж боломгүй зүйл гэдгийг цаашид ч бид анхаарах хэрэгтэй. Тиймээс “Алтан шонхор”-т даль жигүүр ургуулсан наадмыг зохион байгуулагч “Eagle” телевизийн уран бүтээлчдэд дахин баяр хүргэе. Хүн бүрийг шилдэг байлгах гэдэг элдэв “Аwards”-уудад та бүхэн бас нэгэн босго нэмж өглөө.  

“Алтан шонхор”-оос шилдэг хөтлөгч, сэтгүүлч, найруулагч, зураглаач, нэвтрүүлэг гэхчлэн 18 төрөлд дор нэр дурдсан уран бүтээлчид шилдгээр тодорсон байгаа. Сэтгүүлзүйн шаардлага, сэтгүүлчийн хөдөлмөр, шүүгчдийн шалгуурыг давж гарсан тэдгээр уран бүтээлчдийн шагнал нь CNN телевизтэй очиж танилцах ажил хэрэгч аялалын виз гэсэн. Энэ ч бас сайхан л санаа юм.

“Алтан шонхор-2013” наадмын шилдгүүд:

Орон нутгийн шилдэг телевиз: Орхон аймгийн MBS HD телевиз

Телевизийн тайзны шилдэг зураач: EAGLE телевизийн зураач Л.Баасан-Ёндон

Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг: 25 дугаар суваг телевизийн “Дуэт дуэль”

Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч М.Амарбаяр

Телевизийн шилдэг графикч: TV5 телевизийн графикч Г.Энхцолмон

Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг: “ЭХ ОРОН” телевизийн “Сэтгэлд хоногшсон дуунууд”

Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг: БОЛОВСРОЛ телевизийн “Бонго”

Телевизийн шилдэг инженер зураглаач: NTV телевизийн зураглаач Х.Өлзийбаяр

Телевизийн нийтлэл танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлэг: БОЛОВСРОЛ телевизийн “50 саяын уналт”

Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин:
TV9 телевизийн дуу оруулагч жүжигчин Н.Ялалт

Телевизийн шилдэг инженер: TV5 телевизийн инженер Б.Одбаяр

Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг: NTV телевизийн “Их мастерын төлөө”

Телевизийн шилдэг найруулагч: TV9 телевизийн найруулагч О.Соёлт

Телевизийн шилдэг төсөл: UBS телевизийн “To be or not to be”

Телевизийн шилдэг дууны найруулагч:
UBS телевизийн дууны найруулагч Э.Эрдэнэбаяр

Телевизийн шилдэг хөтлөгч: EAGLE телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа

Телевизийн нийгэм эдийн засгийн шилдэг нэвтрүүлэг: EAGLE телевизийн “Эрэн сурвалжлах”

Телевизийн шилдэг мэдээ:
EAGLE телевизийн ‘’Усны үнэ’’ мэдээ, cэтгүүлч М.Төгөлдөр, зураглаач М.Ганбаяр

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж