
Олон улсад террорист үйл ажиллагаа явуулдаг аль-Каида бүлэглэл Йемений Батлан хамгаалах яам руу дайрах үеэрээ залгаа орших эмнэлэгт халдсандаа уучлал гуйжээ. Арабын бүс нутаг дахь аль-Каидагийн удирдагч Кассим аль-Римийн мэдээлснээр тус бүлэглэл Йемений Батлан хамгаалах яам руу халдах үеэр нэг зэвсэгт дайчин тушаал зөрчиж, эмнэлэг рүү дур мэдэн халдсан гэнэ. Халдлага дайралт хийсэндээ уучлал гуйгаад байдаггүй аль-Каида бүлэглэл эмнэлэгт халдсан нь тэдний алдаа, буруу хэмээн мэдэгдэж, хохирогчдын ар гэрийнхнээс уучлал гуйн, мөнгөн олговор өгөхөө мэдэгдсэн нь олны гайхширлыг төрүүлээд байгаа аж. Аль-Каидагийн лидер Йемений Батлан хамгаалах яам руу халдах болсон шалтгаанаа тэнд байрлаж буй Америкийн цэргийн мэргэжилтнүүдийг хөнөөх зорилготой байсан хэмээн тайлбарлажээ.
Йемений нийслэл Санаа хотод орших Батлан хамгаалах яам руу энэ арванхоёрдугаар сарын 5-нд аль-Каидагийн зэвсэгт дайчид халдаж, бөмбөг тэсэлж гал нээсэн юм. Халдлагын улмаас 52 хүн амь үрэгдсэний дунд Герман, Энэтхэг, Филиппин, Вьетнамын нийт долоон эмч, эмнэлгийн ажилтан байсан аж.
Б.АНХТУЯА