Ингээд олон зүйл нуршилгүй хүүхдийн номын зураач, зохиолч Б.Нарантулгатай уулзаж ярилцсанаа хүргье.
-Хүүхдийн номын зураач зохиолчоор хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Хүүхдийн номын зураач, зохиолчоор арав гаруй жил ажиллаж байна. Урьд нь “Мон судар” компанид ажиллаж байсан. 2012 оноос хойш нөхөртэйгөө хамт ажиллаж байгаа. Бид хоёр нийлээд хийж байгаа хамгийн анхны уран бүтээл маань энэ бүтээл юм. Шинэ жил болоод ч тэр үү, манай номыг эцэг, эхчүүд хүүхдүүддээ их авч өгч байгаа.
-Уг хүүхдийн ном цуврал болж гарах уу?
-Цаашдаа амьтан бүрийн онцлогийг харуулсан ном болж гарна. Гол давуу тал нь хөөсөнцрөөр хийсэн байгаа. Ямар нэгэн үнэр амтгүй, хөнгөхөн. Хоёр наснаас таван насны хүүхдүүдэд зориулсан учраас хөнгөхөн хоргүй. Хүүхдүүд маань тоглож байгаад амандаа хийх асуудал байдаг. Бусад номнууд кардонон цаасаар хийгдсэн байдаг учраас бариад тоглоход хүнд, амандаа хийгээд байхад хортой талтай. Манай ном ерөнхийдөө тэр асуудлуудыг шийдэж өгсөн.
-Ер нь бага насны хүүхдүүдэд зориулсан ном манайд хэр их байдаг юм бол? Тэд нар нь яг хүүхдүүдийн насанд нь зориулагдсан байдаг юм болов уу?
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд зориулсан ном их хэлбэр талаасаа хөгжиж байна. Гадны оронд ямар л хэлбэрийн ном гарч байна тэд бүгд Монголд байдаг. Гэхдээ агуулгын хувьд эргээд нэг хармаар. Хүүхдийн номнууд гэвэл маш олон төрлийн номнууд байгаа. Хамгийн гол нь ээж, аавууд сонгож өгөхдөө зөв сонгож өгөх хэрэгтэй. Голдуу ээж аавууд л хүүхдүүддээ ном авч өгдөг шүү дээ. Насанд нь тохирхоор ч юм уу? Хэрэгцээт мэдээллийг өгч болох номнуудыг сонгох хэрэгтэй. Бид нар хүүхдүүддээ яриад өгчихөд болно гэж боддог гэтэл тэр нь яг тийм биш бид үргэлж л хүүхдүүдтэйгээ ярианы хэлээр ярьж байдаг хэрвээ ном уншаад байх юм бол хүүхэд цэгцтэй, зөв ярьж сурдаг.
-Хүүхдийн ном хичнээн төрөл байдаг вэ?
-Олон байдаг шүү. Танин мэдэхүйн ном гэхэд л “IQ” болон танин мэдэхүйн гээд олон задаргаа ороод явчихдаг. Монголд үлгэрийн номнууд олон бий. Гэхдээ манайд зурагт ном их дутмаг. Би яваандаа яг өөрөө бүгдийг нь зохиосон зурагтай номтой болно гэж бодож байгаа. Зурагт номын төрөл өөрөө дэлхийд маш өндөр хөгжчихсөн. “Kate in the hate” гээд кино байдаг шүү дээ энэ чинь бүр 60-аад оноос хэвлэгдсэн алдартай зурагт ном шүү дээ.
-Та цаашдаа зөвхөн хүүхдийн номоор дагнах уу? Эсвэл …?
-Би оюутан болж төгсөөд л хүүхдийн номоор ажилласан цаашдаа ч хүүхдийн ном төрлөөрөө дагнаж ажиллана гэж бодож байгаа. Маш олон чанартай сайн номнууд хийхийг хүсч байгаа шүү. Яг хүүхдүүдэд зориулсан зохиолтой ном ховор байдаг учраас жаахан хүүхдүүдэд зориулсан олон өгөөжтэй ном хийж өгөхийг хүсдэг.
-Тэгэхлээр хүүхдийн номоор дагнахад бизнесийн орчин бага юм шиг санагддаг. Хүмүүс тэр болгон нээг их худалдаж аваад байдаггүй ч юм шиг ээ…?
-Нэг харамсдаг зүйл байдаг уран бүтээлч хүний хувьд. Хүмүүс хүүхдийн номыг мөнгө олон хялбархан хэлбэр гээд ойлгочихсон байдаг. Яагаад ч юм тэгээд ойлгуулчихсан. Хямдхан гаргаад шахдаг гээд л ойлгуулчихсан. Мэргэжлийн бус хүмүүс ч энэ салбарт их байдаг хуулбарласан зурагтай ном ч их хийсэн. Тийм ч учраас ч Намайг нөхөртэйгөө уран бүтээл хийгээд явж байхад хаагийны хүмүүс ч юм уу? Тэгэж ойлгох тал ажиглагдана. Зах зээлийн хувьд үнэхээр сайн ажиллаж чадах юм бол зах зээл бизнес орчин хангалттай байгаа. Энэ салбарт яг мэргэжлийн сайн л уран бүтээл хийх нь чухал.
-Таны дараагийн бүтээл ямар бүтээл байх вэ?
-Жижиг төлөвлөгөө олон байна. Харин том төлөвлөгөө маань түрүүн хэлж байсан нэг том өөрийн гэсэн зурагт номтой л болмоор байна. Одоогийн байдлаар судалгаа хийгээд л явж байна даа.
-Монголын нийт эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ жаахан хүчирхийллээр ажиллах гээд байдаг юм шиг санагддаг. “Хал нь гаднаа хайр нь дотроо” гээд л…? Та өөрөө хүүхэдтэй юу?
-Би хоёр хүүхэдтэй. Надад ингэж ажиглагддаг. Монгол хүүхдүүдийн хувьд бага байхдаа өөрийгөө маш сайн илэрхийлдэг. Харин том болоод ирхээрээ өөрийгөө илэрхийлэх чадвар бага болж бүр өөрийгөө илэрхийлж чадахгүй болчихсон байдаг. Уг нь гадаадад хүүхдүүд томрох тусмаа өөрийгөө маш сайн илэрхийлдэг шүү дээ. Манай хүүхдүүд өөрийнхөө хүслийг, өөрийгөө дардаг болчихсон байдаг. Их дотогшоогоо. Энэ нь хүүхдүүдээ сонсохгүй, харилцаа багатайгаас болдог. Хэлсэн ч ойлгохгүй гэх ойлголтыг хүүхдэд суулгасан байдаг.
-Та энэ сэдвээр ер нь ном бичье гэж бодож байсан уу?
-Би боддог. Гэхдээ хараахан цаг нь болоогүй. Манайхан тийм эмзэглэл төрүүлэм ном уншихад бэлтгэгдээгүй байгаа. Одоо дөнгөж хоёр настай хүүхдэд ном уншиж өгдөг юм байна гэж сурч байна шүү дээ. Тийм учраас энэ сэдвээр бичихэд ойрын таван жилдээ хүлээж авч нээг их чадахгүй байхаа. Хаяа гудамжинд явж байхад сэтгэл хөдөлгөсөн ч юм уу? Хүндхэн сэдвээр зохиол бичих сэтгэгдэл төрдөг гэхдээ нийт масс маань хүлээж авхад бэлтгэгдээгүй л байх шиг байна даа.
-Ер нь эцэг эхчүүддээ өгөх зөвөлгөө хэлвэл?
-“Мон судар”-т намайг ажиллаж байхад бид нарт сургалт өгдөг байсан. Тэр сургалтаар юуг сурсан бэ? Гэхлээр хүүхдэд маш их ном уншиж өгөх ёстой. Бүр ном уншиж чадахгүй юм бол зураг үзүүлж тайлбарлаж хэлдэг байх ёстой. Тэгсэнээр хүүхэд тод зөв хэллэгтэй болно. Монгол үгээ зөв дуудаж сурдаг, эрт хэлд ордог гээд олон давуу талуудыг харуулдаг. Уг сургалтаа би бага охин дээрээ туршиж үзсэн эрт хэлд орж үгийн баялагтай болдог юм байна гэж ойлгосон. Тиймээс аав ээжүүдэд зөвөлхөд хүүхдүүдтэйгээ ярилцаж ном уншиж зураг тайлбарлаж өгдөг байгаарай. Тэгвэл хүүхэд үгийн баялагтай өөрийгөө маш сайн илэрхийлдэг болдог юм шүү л гэж хэлье даа.