16 хүн өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

16 хүн өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлжээ

Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан
өлсгөлөнгөө гурав дахь хоногтоо үргэлжлүүлж байна. Бямба гаригийн/12.21/
өглөөний 10 цагаас эхлэн өлсгөлөн зарласан тэдний биеийн байдлыг эмч нар
байнга хянаж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн зарим нэг хүмүүсийн цусны
даралт ихэсч, бие ньхямарч эхэлсэн гэнэ. Гэвч тэд өөрсдийн тавьсан
шаардлагаа биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдэж байна.
“Шинэчлэх хөдөлгөөн”-ий тэргүүн Л.Наранбаатартай холбогдож зарим зүйлийг
тодрууллаа.

-Өлсгөлөнд хэдэн хүн оролцож байна вэ. Эмэгтэйчүүд болон ахмадууд бий юү?

-Бямба
гаригийн өглөөнөөс таван хүн өлсгөлөн зарласан. Ням гаригт нэг хүн
нэмэгдсэн бөгөөд хойшид ч бидэнтэй нэгдэх хүсэлтээ 16 хүн илэрхийлээд
байна. Өлсгөлөн зарласан хүмүүс бол 30-58 насныхан. Нэг бүсгүй бий. Ер
нь бол бид энэ эрсдэлт үйлдэлд ахмадууд, эмэгтэйчүүдийг оролцуулахгүй
байхыг хүсч байгаа. Гэвч өлсгөлөн зарлана гэсэн сонголтыг хийчихсэн
хүмүүс олон байна. Бид хэнийг ч эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа ч
бидний шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй.

-Өчигдрөөс ес эхлэн хүйтэрч байна. Өлсгөлөн зарлахгүйгээр шийдэх арга байсангүй юү. Яг ямар асуудлыг шийдтэл өлсөнө гэсэн үг вэ?

-Бид
их тодорхой асуудлыг хөндөн шаардлага тавьсан. Нэгдүгээрт Дархан-Уул
аймгийн Ардчилсан намын хороо ямар ч эрхзүйн чадамжгүй болсон байна.
Тиймээс эрхзүйн чадамжгүй намын хороог татан буулгах. Хоёрдугаарт
сонгуулийн тов зарлах. Бид энэ  хоёр асуудлыг шийдэхийг шаардсан албан
бичгээ намын Хэрэг эрхлэх газар, дотоод санхүүгийн хороо, хяналтын
ерөнхий хороонд хүргүүлсэн. Асуудал шийдэгдсэн цагт өлсглөнгөө зогсооно.

-Тэгэхээр аймагтаа дахин сонгууль явуулах шаардлагатай гэж үзэж байгаа хэрэг үү?

-Аймгийн
АН-ын хорооны 99 гишүүнийг  дахин сонгох хэрэгтэй. Одоогоор 93 гишүүн
сонгогдсон байгаа ч тэдний олонх нь “Бурхан халдун” группынхэн, тэдний
найз нөхөд, ахан дүүс. Тиймээс намын анхан шатны үүрүүдэд сонгууль
зарлаад чин шударгаар өрсөлдөн гарч ирэх ёстой. Өнөөдөр аймгийн АН-ын
даргаар “Бурхан халдун”-ы захирал Мөнхдаш ажиллаж, намыг бүхэлд нь
өмчилсөн байдалтай байгаа нь тун харамсалтай. Энэ байдал газар авбал
намын нэр хүндэд халтай төдийгүй улс орны хувьд ч хохиролтой учраас бид
өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлахаас арга байсангүй.

-Өлсгөлөн зарласнаас хойш намын удирдлагуудаас та бүхэнтэй холбогдсон уу?

-Шаардлага
хүргүүлж, өлсгөлөн эхлүүлсний дараа АН-ын Хэрэг эрхлэх газрын орон
нутаг хариуцсан дарга Э.Батсуурь бидэнтэй ирж уулзсан. Өлсгөлөнгөө
зогсоохыг хүссэн. Тэрбээр Дархан-Уул аймгийн намын хороог шинэчлэн
зохион байгуулах, дүрмийн гаргалгааг хэлэлцэж байгааг дуулгасан. Мөн
аймгийн Намын хороонд санхүү, үйл ажиллагааны аудит хийж эхэлсэн гэдгийг
хэлж байна лээ.

-Бурхан халдун группын захирал өмнөх сонгуулийн үеэр хүн зодсон гэж шуугиан дэгдээгээд байсан хүн мөн үү?

-2008
ионы сонгуульд нэр дэвшиж байхдаа аймгийн Засаг даргын орлогч Б-г
зодсон гэсэн мэдээлэл байдаг. Миний хувьд тэр зодооны талаар ямар нэгэн
зүйл мэдэхгүй.

-Өөрийг тань АН-аас аль хэдийнэ гарчихсан хүн
гэж мэдээлэл гарч байсан. Уул уурхайн яаманд ажиллах гэж намаасаа гарсан
ч ажил нь бүтээгүй учир намдаа буцаж орох гэсэн, түүнийг нь
зөвшөөрөхгүй болохоор жагсаал хийж, өлсгөлөн зарлаж байна гэх юм. Энэ
яриа үнэн үү?

-Энэ ор үндэсгүй яриаг хэн гаргасныг би мэдсэн.
“Бурхан халдун”-ы гүйцэтгэх захирал Г.Гантулга гэгч нөхөр өөрийн
фэйсбүүк хуудсандаа ч тэгж бичсэн байна лээ.Тэр нөхөр олон янзын
гүтгэлэг тарааж байгаа. Намайг анх УИХ-ын дарга, Уул уурхайн сайдтай
танилцуулсан хүн, хамаг бизнесийг нь би цэцэглүүлсэн гэх мэтчилэн худал
гүтгэлэг тараасан байсан. Би 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр АН-д
элссэн. Өнөөг хүртэл намаас гарсан удаагүй. Намын батлах маань одоо ч
надад байна. Хүмүүсийн худал яриа, гүтгэлгийг сонсоод шантрах юм алга.
Зорилгодоо хүрэхийн төлөө хэцүү бэрх бүхнийг давах болно.

-Та бүхэн өлсгөлөнгөө хаана зохион байгуулж байгаа вэ. Залуучууд театрын өмнө үү, эсвэл “Дархан-50” талбайд уу?

-Алинд
нь ч биш.  Аймгийн Хүүхэд залуучуудын паркийн газраас тодорхой хэсгийг
Бурхан халдун груупп хууль бусаар авсан байдаг юм. Өнгөрсөн орон нутгийн
сонгуулийн дараахан энэ газрыг авсан нь ч эргэлзээ  төрүүлж байгаа.
Бурхан халдуныхан МАН-тай тохиролцоо хийж, намаа сонгуульд унагаад энэ
газрыг авсан юм биш биз гэсэн хардлага нийт олны дунд байдаг. Намын
ялагдлаар  дэнчин тавьж, сонгуулийн тохиролцоо хийсэн байхыг ч
үгүйсгэхгүй. Тиймээс зориуд энэ газрыг сонгон гэр бариад өлсгөлөн зарлаж
байна.

-Улаанбаатарт бас суулт үргэлжилж байгаа гэх юм?

-Тийм ээ. АН-ын байранд суулт хийж буй арваад хүн бий. Тэд Дарханд ирж бидэнтэй нэгдэн өлсгөлөнд оролцоно гэдгээ илэрхийлсэн.


Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж