Нам доторхи “тулаан”

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Нам доторхи “тулаан”

Дархан-Уул аймгийн АН ардчилалгүй болсон, тус аймгийн АН хэдхэн хүний мэдэлд шилжсэн гэх мэт уриа лоозон барьсан жагсаал өлсгөлөнд шилжсэн.

Дархан-УУл аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар тэргүүтэй шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнгөрсөн бямба гаригаас эхлэн зургаан гишүүн нь өлсгөлөн зарлаад буй.

Энэ талаар “News agency” талуудын байр суурийг тэнцвэртэйгээр хүргэж байна.

Дарханы АН-д юу болоод байна вэ?

Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс аймгийнхаа АН ардчилалгүй болсон, нам нь хэсэг бүлэг бизнесмэнүүдийнх болсон зэрэг асуудлуудыг сөхөн тэмцэл хийж эхэлсэн. Дархан-Уул аймгийн Ардчилсан нам “Бурхан халдун” группын нам болсон, ардчилалгүй болсон зэргээр ярьж, нийслэлд жагсаал цуглаан хийж, намын байрны өмнө суулт зарлаад байсан. Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар “Бидний тэмцэл намын дотоод асуудал  мэт болов ч үнэндээ тийм биш юм. Энэ бол ардчиллыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл. Д.Сосорбарам гавьяатын хэлсэн үг өнөөдөр Дархан-Уул аймагт байгаа бодит жишээ. МАН засгийн эрх барьж байхад авлигачид шургалж орж ирснээс элгээрээ хэвтсэн. Ардчилсан нам МАН-ын алдааг давтах ёсгүй. АН эрүүл тунгалаг, дотоод ардчилалтай байж гэмээнэ авлигачид, эрүүгийн элементүүдийг намд шургалж, улс төрийн эрхэнд гарах боломжийг хаана. Дарханы АН ийм сул дорой, хэдхэн бүлэг хүний өмч болчихсон байхад 2016 он, 2020 онд эрүүгийнхэн  Дарханы АН-ын хороогоор дамжиж улс төрд орохыг үгүйсгэхгүй. Тийм учраас өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байна” гэх мэтээр ярьж буй. Гэтэл Л.Наранбаатар нь 2013 оны есдүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаасаа татгалзах хүсэлтээ өгчээ. Өөрөөр хэлбэл, намын даргаас татгалзах өргөдөлдөө, Уул уурхайн яаманд ажилд орох болсон учраас намын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байгаа тухайгаа дурьдсан байна. Гэвч тодорхой хугацааны дараа ажил нь бүтээгүй учраас эргэн Дархан-Уул аймагт очиж намын дарга болохоор хөөцөлдөж эхэлсэн гэх. Өөрийн хүсэлтээр намаасаа гарсан учраас тус аймгийн АН-ын гишүүд түүнийг зөвшөөрөөгүй. Тиймээс ийнхүү хотод ирж, суулт, жагсаал хийж, өлсгөлөн зарлахад хүрээд байгаа гэж Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулга хэлсэн юм. Намын гишүүн биш болсон хэрнээ намаа шинэчлэх талаар яриад яваад байгааг намынх нь нөхөд ойлгохгүй байгаа талаараа хэллээ. Намаа шинэчлэх нь зөв ч нам дотроо байхдаа шинэчлэл яриагүй хэрнээ намаасаа албан ёсоор гарах өргөдлөө өгсний дараа шинэчлэл ярьж байгаа нь сонирхолтой. АН-ын удирдлагуудын зүгээс ч суулт зарлаж, Дархан-Уул аймгийн АН-аа шинэчлэх гэж байгаа бол аймагтаа очиж асуудлаа шийд гэдгийг нь хэлчихсэн. Л.Наранбаатар суулт зарлаж эхэлснээсээ хойш нэг ч удаа аймгийнхаа АН-ын удирдлагуудтай уулзаагүй бөгөөд уулзаж, ярилцах хүсэлт гаргахад нь татгалзаж байжээ. Мөн Л.Наранбаатартай хамт тус аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх жагсч байгаа бөгөөд төрийн албаны ажлаа хийхгүй, намын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүн болсон байгаа юм.

Л.Наранбаатар АН-ын гишүүн мөн үү

Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатарыг намаасаа гарсан гэх Дархан сумын АН-ын даргын өргөдөл байгаа ч тэрээр өөрөө үүнийгээ үгүйсгэж буй. Л.Наранбаатар “Энэ ор үндэсгүй яриаг хэн гаргасныг би мэдсэн. Дархан-Уул аймгийн АН-ын дэд дарга  Г.Гантулга өөрийн фэйсбүүк хуудсандаа ч тэгж бичсэн байна лээ. Би 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр АН-д элссэн. Өнөөг хүртэл намаас гарсан удаагүй. Намын батлах маань одоо ч надад байна. Хүмүүсийн худал яриа, гүтгэлгийг сонсоод шантрах юм алга” гэсэн тайлбарийг өгсөн. Гэвч Дархан сумын АН-ын дарга Б.Баяраагийн гарын үсэгтэй, Л.Наранбаатарыг 2013 оны есдүгээр сарын 15-ний өдөр өгсөн өөрийнх нь хүсэлтийн дагуу намын гишүүнээс хассан гэсэн мэдээлэл байгаа юм. Ийм бичиг байсаар байтал Л.Наранбаатар намаасаа гараагүй, намынх нь удирдлагууд намаасаа гарсан гээд байгаа нь эргэлзээ төрүүлээд байгаа юм.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж