Эрээний бизнесменүүд Монголд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Эрээний бизнесменүүд Монголд чууллаа

Монголчуудын наймааны орон болсон БНХАУ-ын Эрээн хотоос бизнесменүүд Монголд иржээ. Тэд бизнесийн хүрээгээ Монгол, Орос улсад өргөжүүлэхээр 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн нь энэ ажээ. Хэдийгээр олонх нь Эрээн хотод бизнес эрхэлдэг гэх ч монгол хэл мэддэг нь тун цөөн юм. Гэхдээ тэрхүү цөөн хэдэн монгол хэлтнүүд нь давхар бас орос хэл сураад амжжээ. “Нихо, сайн түншээ хайж байна. Танд сайн бараа надо” хэмээн угтах өвөрлөгч бизнесменүүдтэй уулзахаар зорин очсон монголын бизнес эрхлэгчид ч олон байлаа. Анх Эрээн хотод зохион байгуулсан гурван орны бизнес эрхлэгчдийн уулзалт Улаанбаатарт үргэлжилж буй аж. Энэ удаагийн уулзалтад Эрээн хотын гадаад тээврийн компани, “Ань Тай” модны үйлдвэр, автомашины засвар үйлчилгээний “Вэй Лун” ХХК, жимс жимсгэнэ худалдаалагч “Хао Ган” компани, наалтын материалын “Шин Мао” үйлдвэр, цахилгаан хэрэгслийн “Жин Хань” компани, “Чан Чин” хувцас захиалга гэхчилэн олон үйлдвэр, аж ахуйн газрын төлөөлөгч иржээ. Эрээн хотын  бизнес группийнхэн хэд хоногийн дараа ОХУ-ыг  зорих юм. Харин монголд байх хугацаандаа бизнес түншүүдийнхээ ажил үйлстэй танилцах ажээ. Эрээн хотын зарим бизнесменүүдтэй уулзаж сэтгэгдлийн нь сонслоо.

“Миний дэлгүүр”сүлжээ манай агуулахаас жимсээ авдаг

“Хао Ган” компанийн захирал Жао Лүн:

-Манай компани монгол, орос түншүүдтэй хамтран ажиллаад 17 жил болж байна. Би өөрөө жимсээ бага багаар борлуулдаг байгаад одоо Эрээн хотод жимсний том агуулахтай болсон. Тэндээ жимсээ ялгаж ангилаад сайн чанарын жимс Монгол руу ачуулж байгаа. Жилд ойролцоогоор 12-13 түмэн тонн жимсийг монголчууд худалдан авдаг. Жимсийг муутгахгүйгээр түргэн ирүүлэхийн тулд Эрээнд лабораторитай болсон. Удахгүй манай агуулахад  монголын гаальчныг ажиллуулахаар хоёр тал ярилцаж байгаа. Одоогийн байдлаар Монголын “Миний дэлгүүр” сүлжээ манай агуулахад талбай түрээслэн авсан.Ингэснээр шинэхэн жимсийг уг дэлгүүрийн сүлжээ дэлгүүрүүд зарж эхэлсэн гэж сонссон. Бизнесээ улам өргөжүүлэхийн тулд энэхүү аялалд оролцож байна.

Бид өөрсдөө идэх цагаан будаагаа авч үлдэх хэрэгтэй биз дээ

“Жа Хэ” худалдааны компанийн орлогч захирал Күй Мү Гэ:

Монгол нэрээ Чимгээ гэж танилцуулсан энэ эмэгтэй монголд бизнес эрхлээд удаж байгаа нэгэн бөгөөд голчлон элсэн чихэр, цагаан будааны худалдаа эрхэлж, тээвэр зуучийн үйлчилгээ явуулдаг ажээ. Бид түүнээс цагаан будааны үнэ болоод импортын талаар тодрууллаа.

-Хятадаас оруулж ирж буй цагаан будааны импортод хязгаар тогтоосон гэсэн. Энэ нь ямар учиртай вэ. Их хэмжээгээр импортолдог та бүхний хувьд ч бас хязгаар тавьсан уу?

-Цагаан будааг манай улс их хэмжээгээр гаргадаггүй. Жилд гадаадын орнуудад гаргах цагаан будааны хэмжээг улсаас тогтоодог. Манай улс хүн ам олонтой. Тарьсан будаагаа бүгдийг гадаадад гаргавал бид өөрсдөө юу идэх билээ. Тиймээс хязгаарлалт тогтоодог юм. Бидний хувьд ч бага хэмжээгээр л оруулж ирдэг. Тийм их биш.

-Цагаан будаа үнийн хувьд энд жаахан өсөөд байгаа. Урдаа, танай улсад үнэ өссөн үү?

-Үгүй, манайд үнэ өсөөгүй. Харин олдоц жаахан муу байгаа болохоор монгол наймаачид үнээ өөрсдөө өсгөдөг.

-Хоёр улсын хооронд худалдаа хийхэд хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Бид бүгдийн номын дагуу хийдэг. Юу шаардана, тэрийг нь мэддэг, биелүүлдэг болохоор хүндрэл байхгүй.

Зах зээлээ судалж явна

“Чин Хуа” их сургуулийн дэргэдэх химийн үйлдвэрийн менежер Дун Чан:

-Манай үйлдвэр нийслэл Бээжин хотод байдаг. Их сургуулийн дэргэдэх үйлдвэр болохоор найдвартай санй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид Монгол, Орос улс руу барилгын материал нийлүүлэх зорилгоор зах зээлээ судалж явна. Эхний ээлжинд барилгын гадна талын дулаалгын материалыг санал болгож байна. Энэхүү материал нь шингэн хэлбэртэй, шүршдэг материал юм. Цацаж шүршсэний дараа царцаж  хатуурдаг шинэ технологийн эд л дээ.

-Энэ материалаа та бүхэн эх орондоо хэрэглэдэг үү?

-Хятаадад өргөнөөр хэрэглэж байгаа. Монголчуудад хамгийн ойр жишээ гэвэл саяхан Эрээн хотын Ардын засгийн ордныг барихад хэрэглэсэн. 11 давхар барилгын дулааныг манай үйлдвэрлэлсэн бүтээгдэхүүнээр дулаалсан. Тэнд очихдоо сонирхож, үр дүнг нь харж болно.

-Чанарын хувьд баталгаатай юу?

-Чанар сайн. Улсын их сургуулийн харъяанд байдаг болохоор хяналт чанга байдаг.

-Ямарваа нэг бүтээгдэхүүн анх орж ирэхдээ чанар сайтай байснаа сүүлдээ хуурамч, чанарын хувьд тааруу болчихдог муу талтай?

-Манай бүтээгдэхүүний хувьд тийм зүйл гарахгүй гэдгийг баталгаатай хэлмээр байна.
-Химийн найрлагатай бүтээгдэхүүнд хил гаалийн зүгээс хяналт чанга байдаг. Тухайлбал хятадын талаас хүндрэл учрахгүй юу?

-Манай улсын хувьд шинэ технологийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргахад цааргалах зүйлгүй. Харин Монголын гаалийн шаардлагыг бид биелүүлнэ. Тэгхээр хил, гааль дээр хүндрэл гарахгүй л болов уу.

-Шинэ технологийн бүтээгдэхүүн хэрэглэхэд сайхан ч өртөг өндөр байдаг. Танай бүтээгдэхүүний хувьд бусад дулаалгын материалаас хэр өндөр үнэтэй вэ?

-Манай бүтээгдэхүүн бусад дулаалгын материалынхтай ойролцоо үнэтэй гарч байгаа.
Эрээн хотын бизнесменүүд ийн өгүүлж байна. Айл хүний амь нэг гэдэг үгийн үнэнийг бизнесенүүд илүү мэдэрдэг гэж болно. Тэдэнд хамтран хийх, хэрэгжүүлэх ажил олон байна. Ань Тай модны үйлдвэр л гэхэд ОХУ-аас мод импортлон авч модон хаалга, паркетан шал үйлдвэрлэн дотооддоо болон Монгол, Солонгос зэрэг орнуудад экспортолдог аж. Тэдэнтэй хамтран Алтанбулагийн чөлөөт бүсэд модны үйлдвэр нээхийг монгол түнш нь санал болгосон гэнэ. Ингэвээс Алтанбулагийн чөлөөт бүс нь ОХУ-д Эрээнээс хамаагүй ойр учир тээврийн зардал хямдрах сайн талтайн дээр уг чөлөөт бүсэд тоног төхөөрөмж оруулахад татваргүй, мөн эхний гурван жил орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх юм гэдгийг монголын талаас санал болгожээ. Одоогоор Ань Тай үйлдвэрийнхэн ямар нэг хариу өгөөгүй байгаа бөгөөд дотор хүний нарийн ухаанаар шүүж тунгаан байж хариу өгнө гэж байлаа. Эрээний бизнесменүүдийн зорих дараагийн газар нь ОХУ. Тэд орос түншүүдтэйгээ мөн бизнесийн ур ухаанаа уралдуулан зөвлөлдөж бизнесийн хүрээгээ өргөжүүлэхээр аяллаа үргэлжлүүлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж