
Тайландын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Йинглак Шинаватраг огцрох хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлэх бололтой. Сутер Таугсубанаар удирдуулсан олон арван мянган жагсагчид өчигдөр /ХII.22/ Ерөнхий сайд Йинглак Шинаватрагийн гэрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй жагсагчид нийслэл Бангкок хотын худалдааны дүүргүүд, автозамын уулзваруудыг хагас өдрөөр саатуулан хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Ард түмнийг Ерөнхий сайд Йинглакийн эсрэг турхирч буй Сутер Таугсубан өчигдөр Бангкок хотын худалдааны төвийн гадна цугласан жагсагчдад хандан “Ард олон сонгуулиас өмнө шинэчлэлтийг хүсч байна. Өнөөдөр бид Бангкок хотын автозам, худалдааны үйл ажиллгааг хагас өдрийн хугацаанд зогсоолоо. Хэрэв Йинглак энэ хэвээрээ огцрохгүй гүрийсээр байвал бид үүнийг бүтэн өдөр, сараар ч зогсоох хүртэл арга хэмжээ авна” хэмээжээ.
Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра ард түмний эсэргүүцэл бослогын хэмжээнд хүрээд байсан үед буюу энэ арванхоёрдугаар сарын эхээр одоогийн Засгийн газрыг тарааж, шинээр сонгууль явуулахаар болсон юм. Бараг сарын хугацаанд өрнөж буй Тайландын улстөрийн зөрчилт байдал парламентын доод танхимд Йинглак Шинавтрагийн ах Таксин хамрагдах боломжтой өршөөлийн хуулийг баталснаас үүдсэн билээ. Таксин Шинаватра нь өнгөрсөн 2006 онд Тайландад болсон цэргийн эргэлтээр Засгийн эрхээс буусан бөгөөд авилгын хэрэгт буруутгагдан шоронд хорих ял сонссон аж.
Б.АНХТУЯА