
-Одооны залуус арай дэндүү болжээ гэх нь тэр. Үеийн үед л энэ гаслаан байжээ. Тэгвэл одоогийнх шиг ийм дутуу, дулимаг парламентыг урьд өмнө ёстой үзсэнгүй. Нас нэмэх тусмаа ухаан сууж, ертөнцийг үзэх үзэл хувьсан өөрчлөгддөг атал УИХ эсрэгээрээ уруудан доройтож, буруу зөнөсөн өвгөн шиг болох болохгүйг хийх болжээ. Ер нь тэднийг ихэд өргөмжилж, “эрхэм” эсвэл “нэг ангийнхан” ч гэх шиг учир утгагүй балай зүйрлэлээр сэтгүүлчид ч өөгшүүлдэг. Угтаа Монголын өнцөг булан бүрээс шигшигдэн улс орныхоо бодлогыг зангидахаар ирсэн ухаантай хүмүүс шүү дээ. Адаглаад номыг нь сураагүй юмаа гэхэд номхоныг нь сурчихсан байх ёстой нөхдүүд. Гэтэл зургаан настнуудаас долоон дор ажилдаа цагтаа ирчихэж чаддаггүй золигнууд юмсанж. УИХ-ын дарга З.Энхболд ч дээ, "Гишүүдийн ирцийг бүрдүүлэх арга хэмжээ авах нь УИХ-ын даргын мэдэлд байдаг. Тиймээс хууль батлахыг хүлээх шаардлагагүй" гэж хурууны хээгээр бүртгэх санаачилга гаргаж байна. Ингэснээрээ түрүүлж ирсэн нь эхэлж асуулт тавих, телевизийн дэлгэцээр бурах боломж олгох юм байх. Бас дуртайгийнхаа хажууд суух эрхээр шагнуулна гэж байгаа.
Харин хоцорч ирсэн нь даалгавраа хийгээгүй хүүхдүүд шиг орой үлдэж суух торгуулиар шийтгэгдэж, баян ходоод нь хамгийн сүүлд “асуугдах” юм даг уу.
УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат нар хурууны хээгээр бүртгэдэг системийг ашиглах талаар УИХ-ын дэгийн тухай хууль өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Нам намд ийм балай зүйлийг санаачлагчид байгаа. Учир нь, УИХ-ын гишүүн С.Бямбацогт жил гаруйн өмнө мөн иймэрхүү санаатай хуулийн төсөл өргөн барьж байсан юм. Ер нь гишүүдийн ирцийг бүрдүүлэх зорилгоор хурууны хээгээр бүртгэдэг байх системийг ашиглалтад оруулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэр гарсан юм байна. Энэ бүхнийг санаачлагчид нь онц сурдаг хүүхдийг урдуур, муу сурдагийг нь хойгуур суулгадаг багш гээд өөрсдийгөө төсөөлчихөж. Ер нь ч манай парламентад иймэрхүү арга зүйч багш нар олон бий. Үүнийг Су.Батболд “Санал, шүүмжлэл хэлэх эрхэд нь халдаж байгаа бүдүүлэг хууль” гэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Бүдүүлэг биш боловсронгуй хууль” гэх тайлбар хэлж харагдсан.
Энэ нөхдүүдэд ийм юм ярихаас өөр хийж ажил алга. Улс оронд тулгамдсан нэн шаардлагатай батлах ёстой олон арван хууль байсаар байтал иймэрхүү байдлаар завсарлага авч, завсарладаггүй юмаа гэхэд иймхэн шальдар булдарыг ярьж суугааг харахаар үнэхээр ой гутна. Коммунизмын үзэгдлүүд иймэрхүү албадлагын механизмгүй бол ажлаа хийж чадахгүй юм байх. Үүнд хууль, журам гаргаад байх шаардлагагүй шүү дээ. Хэрвээ биднийг төлөөлнө гэж сонгогдчихоод өглөө эхнэрийнхээ өврөөс ховхорч чадахгүй, эмэгтэйчүүд нь ахуйн ажлаасаа салж дийлэхгүй байгаа бол больчих хэрэгтэй. Хувийн ажил нь барагдахгүй байгаа бол Р.Амаржаргал шиг гишүүнээсээ татгалзчих ёстой. Хийж чадах хүнд нь боломжийг нь олгоод суудлын бөглөөс болохоо болиод бизнесдээ анхаарлаа хандуулсан нь толгойд амар шүү дээ. Хувийн бизнесээ төсвийн мөнгөнөөс дэмжүүлэх лобби хийж суухаар шударгаар л өрсөлд л дөө. Энэ ажлыг хийгээд өгөөч гэж та нарын хэнээс нь ч гуйгаагүйг сануулах юун. Чадахгүй бол зайгаа тавиад аль. Тэгсэн хойноо эхнэрийнхээ өвөрт үд болтол унтаж, юу дуртайгаа хийгээд явж байна биз. Тэдний оронд төрийн жирийн албан хаагч байсан бол хэзээний хөөгдчихөөд гудамжинд лааз өшиглөж яваа. Ийм хөгийн бэлэвсэн эхнэрийн бие засах газрын дайны сэтгэхээ болиосой. Чадвар дээшлүүлэх сургууль л барих нь дутуу байна, зайлуул… Ухаандаа ухаантай харагдах гэж твиттерээр донгосч олны доог болохоос өөр чаддаг юм байна уу тэдэнд гэж та нарыг бодоход хүргэх нь байна шүү, гишүүд минь. Онигоонд орохоосоо өмнө “Багшаа байя аа” гээд ажилдаа ирцгээгээсэй…