Таван байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Таван байнгын хороо хуралдана

УИХ-ын Байнгын хороодын таван хуралдаан өнөөдөр товлогджээ. Хамгийн эхэнд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Тогтвортой амьжиргаа-II " төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг, мөн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Харин Төсвийн  байнгын хорооны хуралдаан нэг л асуудал хэлэлцэх юм. Энэ нь "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл аж.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мөн л ганц  асуудал хэлэлцэгдэхээр бэлтгэгдсэн бөгөөд энэ нь "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар уг асуудалд зөвхөн ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор бус түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох бүхий л үйлдвэрлэлд хамруулах санал гаргасан.
Үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Өнөөдрийн сүүлчийн хуралдаанууд болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд тус тус багтжээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж