– Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан өнөөдөр (12.20) боллоо. Хуралдаанаар Баруун-Урт сумын засаг даргын үйл ажиллагааны тайлан, сумын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2014 оны төсвийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
– Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар цаашид малтай өрхүүдийг хотын төвөөс гаргах асуудалд шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ. Хотын төвд мал байлгахгүй ээ гэсэн сумаас гаргасан шийдвэр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа иргэдэд хариуцлага тооцно гэдгээ хотын дарга хатуухан санууллаа.
– Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Тахарын алба шинээр байгуулагдах гэж байна. 2014 оны 1-р сарын 1-нээс эхлэн энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээр Тахарын алба буюу Хууль зүйн яамны шууд удирдлагатай шинэхэн алба үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
– Малаа хотоос гаргаагүй 10 гаруй айлууд үлдээд байна. Эдгээр айлуудын 40 гаруй үхэр хотын төвөөр бэлчиж байсныг журамлажээ. Мөн хотын төвд мал байлгахгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад Баруун-Урт суманд хашаандаа морь тэжээж байгаа нэлээд өрхүүд байгаа юм. Эдгээр иргэдэд морио хотоос гаргах мэдэгдэх хуудсыг өгчээ.