Жинхэнэ эрчүүд хаана байна?

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Жинхэнэ эрчүүд хаана байна?

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
хэмээн дуулдаг монгол эрчүүдийн жудаг хаачив.  Ханиа халамжилж харамгүй бүхнээр хайрлах тэдний сэтгэл яагаад мөс мэт хүйтэн, цэвдэг болов. Хайраа хар болгож, ханиа юунд там унагав. Ингэж Монголын олон олон эрчүүдээс асуумаар байна.

Сүүлийн үед гэр бүлийн далд хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Хойд эцэгтээ дөрвөн цагийнт турш тамлуулсан, аав нь таван настай хүүгээ заазуурдсан,  эхнэртэйгээ муудалцаж хадмынхаа долоон хүнийг галдан шатаасан,  16 настай авга дүүгээ гурван жилийн турш амбаарт хорьсон, хамгийн сүүлд гэхэд Н.Алтанхүү гэх этгээдэд аймшигтайгаар зодуулж нас барсан 21 настай бүсгүй, Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэгч хайртай гэж авч суусан эхнэрээ хазаар ногтоор зодож хөнөөсөн аймшигтай, сэтгэлд сэртэсхийлгэм мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаас тасрахаа байсан.   Энэ бол Монголын нийгэмд  гэр бүлийн далд хүчирхийлэл гэх мөсөн уулын дөнгөж орой нь. Үүний цаана хичнээн хүн  хөгшид, хүүхэд бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрчүүдийн зодуур, гарын шүүс болж байгааг хэлж мэдэхгүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх нь эрчүүд. Сав л хийвэл хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэх тэд “хайртай” гэдэг үгээр яргалалаа далдлахыг оролддог. Үнэндээ сүүлийн жилүүдэд Монголын гэр бүл хэтэрхий эмзэгхэн болчихсон. Эрчүүд нь дол дорой, аймхай хулчгар, архичин болчихноос Монголд гэр бүлийн нандин зүйл алдагдаж, үнэлэмж гэдэг ойлголт аль хэдийн хаягдчихаад байгаа.  Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн төвшин, боловсрол, албан тушаал харгалздаггүй.  Нэг сайхан дээд боловсролтой гэх атлаа эхнэрээ байнга хардан зовоодог, хүүхдээ зоддог эрчүүд Монголд цөөнгүй байгаа.  Улс орон хөгжихийн хэрээр, хүмүүсийн амьдрал дээшилж, монголчуудын хэрэглээ өрөөчлөгдөхийн хэрээр харамсалтай нь Монголын гэр бүлүүдэд бат бэх, зөөлөн дулаан уур амьсгал үгүйлэгдэх болжээ. 

“Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохдоо дэлхийн гуравдугаар дайн Монголын гэр бүлд болж байна гэж шүүмжилсэн.  Монгол Улсын айл өрх тутмын гуравны нэгд гэр бүлийн хүчрхийлэл ямар нэгэн байдлаар оршиж буйг ч  анхааруулсан.   Үүний шалтгаан нь нийгэм өөрөө хэтэрхий их мөнгөний хойноос улайрч, гэр бүл дэх харилцаанд анхаарлаа хандуулахаа байсанд оршиж байгаа юм гэдгийг ч гэр бүл судлаач Л.Нарантуяа  ярьж байна лээ. Айл гэрийн ноён нуруу бол эрх хүн. Тиймээс тэр айлын сайн сайхан явах, аз жаргалтйа амьдрах, тэнд ургаж байгаа цэцэг дэлгэрэх эсэх нь тэр айлын эзнээс шалтгаална.

Ерөнхийлөгч “Суурин газраас зайдуу амьдардаг, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тэнд хүчирхийлэгчид ямар ч хууль журамгүй мэт олны нүднээс далд дураараа авирлаж байдаг. Бүр задарсан захиргаагүй хүчирхийлэгчид байдаг айл өрх Монголд байсаар байна. Ер нь хөдөөний гэр бүлийн хүчирхийллийг олон улсад ихэд анхаарч үздэг, Монголд ч үүнийг хамгийн ихээр анхаарах ёстой.

Бага насны охидын эсрэг хүчирхийлэл бол охин үртэй айл бүрт түгшүүр төрүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн охидын ихэнх нь гэр бүл дотроосоо хазуулсан байна. Хүчирхийлэгчдийг дарааллаар нь авч үзвэл хойт эцэг, ээжтэй нь хамтран амьдардаг хүн, төрсөн эцэг, өвөө, ах, садан төрлийнх нь хүн, бусад гэсэн байдалтай байна” гэдгийг уулзалтын үеэр онцолжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гарах болсон бэ гэдгийг судлаачид ангилалд хуваан үздэг. Нэгдүгээрт, Монголд гэр бүлийн үнэ цэнэ мөнгөнөөс доогуур үнэлэгдэх болсон. Хоёрдугаарт, Монголын эрчүүдийн тэн хагас нь боловсолгүй. Гуравдугаарт, гэр бүлийн орчинд архидалт хэрээс хэтэрч байгаа, дөрөвдүгээрт, өш хонзон нус нулимс болсон солонгос сиралуудын нөлөөлөл их, тавдугаарт, нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг  ойлгуулах, таниулах сурталчилгаа муу, зургадугаарт, мэргэжлийн сэтгэл зүйч Монголд дутмаг гэх зэргээр ангилжээ.  Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл гарахад эмэгтэйчүүд ч өөрсдөө буруутай гэдгийг сэтгэл судлаач Л.Нарантуяа ярьдаг.  Учир нь Монголын хүүхнүүд “хайртай юм чинь” гэх харыг нь өөгшүүлж, уучилсаар байгаад асуудлыг хүндрүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд эр нөхөр нь эхний удаад гар хүрсэн нь бол шууд арга хэмжээ авдаг байхыг зөвлөсөн.

 Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл газар авахад хуулийн байгууллагынх ч буруутай гэдгийг онцолмоор байна. Архичин нөхөр нь шөнөжин агсам тавьдаг. Гэтэл гэр бүлийн дотоод асуудлаа өөрсдөө шийд гээд суллаад явуулчихдаг. Үүнээс болоод хүргэнийхээ гарт нэг гэр бүлийн долоон хүн амьдаараа шатаж үхсэн тод жишээ бий шүү дээ.  Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг эсрэг тэмцэе гэвэл Гэр бүлийн тухай хуулиа өөрчлөх, чангалах хэрэгтэй болж. Эр эм хоёрын дундуур илжиг бүү жороол гэж тэнэгтэж суухаар хажууд хаалганы цаана болж байгаа хүчирхийлэлтэй хүн бүр тэмцдэг баймаар байна.

“Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ 2013 он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье” гэдгийг Ерөнхийлөгч хатуу анхааруулсан шүү.

Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн дуулдаг,
энэ дууныхаа мөн чанарт тохирсон жинхэнэ эрчүүд харин хааччихав аа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж