Нүргээнтэй хурлаас ”цензур”-тай мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Нүргээнтэй хурлаас ”цензур”-тай мэдээлэл хийв

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурал­­даанаар Хөдөө аж ахуйн гарал­тай түүхий эдийн бирж, Зас­гийн газрын үнэт цаас гаргах тухай хуулийн төсөл,  Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг батлах ту­хай тогтоолд өөрчлөлт оруулах, Засгийн газраас үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мэдээж цаг үеийн бусад асуудлыг ч энэ үеэр ярьсан аж. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг цааш нь хэрхэн үргэлжлүүлэх, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүн хэн байх зэрэг асуудал багтах юм.
Бүлгийн хуралдаан болж буй тан­химын хажуугаар явахад до­тор “халуухан” яриа өрнөж буй нь тодорхой байсан бөгөөд гишүү­дийн дуу үе үе чангарч, хурлын даргын “за одоо больцгоо” гэх дуу гарна. Гурван цаг гаруй үргэлжилсэн нүргээнтэй хурлын үеэр бүлгийн даргын “дэг журам тогтоох алх” нилээд олон удаа ширээн дээр буув. УИХ дахь бүлгийн хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбог­дуулан яам агентлагийн тө­лөө­лөгчид хуралдаанд оролцдог журамтай. Харин эдгээр төрийн албан хаагчид намын нууц задалдаг хэмээн энэ хурлын үеэр буруутгажээ. Энэ талаар зарим гишүүн асуудал хөндөн “Бид ямар нэгэн зүйлийн шийдлийг гаргахдаа улс төр ярих хэрэг гардаг. Гэтэл түүнийг нь хуралд оролцож буй эдгээр албан хаагчид сонсоод гараад ярьцгаадаг. Тэрийг нь сэтгүүлчид шүүрч аваад ороодог биз дээ” хэмээв. Мэдээж “гадны” хүмүүсийн хажууд нууцаа ярихгүй эрх нь гишүүдэд байгаа ч ийнхүү буруутанг гаднаас хайж хэлэлцэх асуудлынх нь цаг болоогүй хэдэн албан хаагчийг танхимаас гаргав.
Хуралдааны танхимаас гарч ирж буй Д.Дамба-Очир нарын хоёр гишүүн “Үндсэн хуулийн цэ­цийнх­­­нийг бүлгийн хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Дараа нь чуулганд оруулж ярина гэж юу байдаг юм бэ” хэмээн бу­хим­­дангуй ярилцсаар явцгаав. Тан­химд Сонгуулийн хуулийн талаар ярилцсаар, тогтолцоог хэвээр нь байлгаж, процедурын шинжтэй заал­туудыг эхний гучин асуудалд оруулан Байнгын хороодоор хэлэлцүүлэх даалгавар өгч байгаа нь “нууц биш” болов.  
Ийн нүргээнтэй хурал өндөрлөж Д.Оюунхорол, Д.Одбаяр нарын ги­шүүд маргалдсаар танхимаас гарч явсны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Малчид, тариаланчдыг дэмжих, хямд түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлэхэд Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн хууль ихээхэн үүрэг­­тэй гэж үзсэн бөгөөд ажлын хэсгийнхэн хуулийн төсөлд 50 гаруй саналын томъёолол нэмж оруулж ирсэн байна. Ингэснээр хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг нь энэ долоо хоногт хийгдэх боломжтой боллоо.
Дараагийн хэлэлцсэн асуудал нь байгалийн гамшиг дэлхий дахинд нүүрлэж байгаа бөгөөд Монголд ч ган зуд, үер ус, газар хөдлөлтийн аюул тулгарах магадлал өндөр байгаатай холбогдуулан орж ирсэн хөтөлбөр бөгөөд гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргах цаг нь болсон гэж хуралдаанд оролцсон дийлэнх гишүүн үзсэн.
Ингээд гэнэтийн аюулд бэлэн байх бодлого хөтөлбөрийг гаргах нь зүйтэй гэж намын бүлэг 100 хувь дэмжсэн. Түүнчлэн Монгол Улсад Гамшгаас сэргийлэх байгууллага чадав­хжиж байгаа ч техникийн хувьд чадамж багатай байгаа нь энэ хөтөлбөрийн хувьд анхаарах ёстой асуудлын нэг гэж дүгнэсэн. Хэлэлцэх асуудлын дарааллаар төмс хүнсний ногооний татварын хэмжээнд өөрч­лөлт оруулах хуулийн заалтыг дэмж­сэн. Ноолуур боловсруулах зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах тогтоол орж ирсэн. Үүнийг нь өргөжүүлж малын түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн болгоход дэмж­лэг үзүүлэх боломжтой гэх санал гарган Байнгын хороонд хүргүүлэхээр болсон” хэмээн гур­ван цагийн хурлыг тав хүрэхгүй минутад тоймлон хэлэв
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй холбоотой ямар асууд­лыг хэлэлцсэн эсэх асуул­тад “Үндсэн хуулийн цэцийн гишүү­ний асуудлыг хэлэлцэх үү, яах вэ гэдэг асуудал орж ирсэн ч энэ байгууллага нь тусгай байгууллага тул хэлэлцэх шаардлагагүй бөгөөд холбогдох байнгын хороогоор нь хэлэлцэх боломжтой гэж шийдсэн” хэмээн хариулж, Сонгуулийн хуулийн талаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх асуултад “Сонгуулийн хуулийн асууд­­лыг яриагүй. Байнгын хороон дээр хэлэлцүүлэг эхэлсэн. Цааш нь хэлэлцүүлэг  үргэлжилнэ” гэх тайл­барыг өглөө.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж