
Хараацай болон нисээд очих юмсан” хэмээн нүдэнд нь гуниг хурсан арав гаруй насны жижигхэн, бордуу үсээ хойш нь гөлчийтөл самнаж, өнгө нь гандаж, багагүй хуучирсан хар өнгийн өмд, саарал өнгийн хүрэм өмссөн охин ийн дуулна. Хөл тавих зайгүй умгар хүлээлгийн өрөөний модон сандал дээр амандаа нөгөөх дуугаа дахин дахин давтах охин ээжийгээ хүлээн суугаа нь энэ.
Төд удалгүй гаднаас цэргийн дүрэмт хувцастай эрэгтэй орж ирэв. Охин энэ үед боорцог ундаа сэлтхэн бэлтгэсэн цагаан тороо баруун гартаа барьж сандлаасаа ухасхийн “Ах аа, би ээжтэйгаа уулзаж болох уу” гэхэд нөгөөх эрэгтэй “Чанга дэглэмтэд ял эдэлж байгаа хүмүүс ар гэрийнхэнтэйгээ улиралд нэг удаа л уулзах журамтай. Би чамд хэдэн удаа хэлэх юм бэ, айн” гэж ширүүхэн хэлэв. Гэвч охин аргадаж гуйсан харцаар залууг гөлөрнө. Ээждээ боорцог дөхүүлэх гэж хориотой бүсийн гадна нулимс мэлмэрүүлж, басхүү шувуу болоод нисчих бодол тээн зогсох охин Монголд цорын ганц эмэгтэйчүүдийн хорих ангид байгаа нь тэр. Баянзүрх дүүргийн товчооноос холгүй орших хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийг өнгөрөгч баасан гаригт хуульч сэтгүүлчдийн клубынхан зорьсон юм. Биднийг бага үдийн 11.10 цагийн үед очиход тус ангийн дарга хошууч А.Намсаманд хүлээн авч уулзлаа. Хошууч А.Намсамандын хэлснээр бол, 1974 онд байгуулагдсан хорих ангид одоогоор 400 хүмүүжигч хоригдож байгаа гэнэ. Үүнээс 70 нь чанга дэглэмтэйд, үлдсэн нь жирийн дэглэмтэйд ял эдэлж байгаа аж. Мөн “хүмүүжигчдийг нийгэмшүүлэх талаар мэргэжлийн сургалт явуулж, мэргэшсэн хүмүүжигчид “Буян” ХХК-ын оёдлын үйлдвэрт гэрээгээр ажилладаг” гэж тэр хэллээ. Бид хориог зөрчихгүй гэсэн олон заалттай бичигт гарын үсэг зурснаар дотогш нэвтрэв. Эргэн тойрон өргөст төмрөөр торлогдсон хоёр метр орчим өндөр цементэн цэлгэр хашаан дотор өнгө нь гундсан зургаан байшин цаанаа л нэг хүйтэн харагдана.
Эмэгтэйчүүд гар хумхилгүй ажиллана
11:30. Хорих ангийн хашаан дотор байрлах “Үйлдвэрийн бүс” гэж шохойгоор хаягласан, халцарч хуучирсан нэг давхар цагаан байшин руу орлоо. Үүдээр оронгуут л оёдлын машины дуу тачигнана. Оёдлын машины ард 18-40 орчим насны гэмээр арав гаруй бүсгүй гэрийн цагаан бүрээс урлах аж. Энд сургалтын арван хоёр машинд бүсгүйчүүд оёдол, эсгүүр хийж сурч дуусаад үйлдвэрт ажилладаг гэнэ. Тэд өдрийн найман цаг ажиллах бөгөөд ням гаригт амардаг гэнэ. Тэдний хийсэн хөдөлмөрийн хөлсний 10 хувийг өөрийнх нь нэрийн дансанд байршуулж, үлдсэн хувийг нь бусдад учруулсан нөхөн төлбөрт шингээдэг гэж танилцууллаа. Гэхдээ тэр арван хувиа авсан хүмүүсийн талаарх мэдээлэл төдийлөн мэдэгдэхгүй байдаг гэх. Ингээд бид цааш “Ялтнуудын амьдрах бүс” рүү нэвтэрлээ. Урт хоёр давхар саарал байшинд жирийн дэглэмтэй хоригдож буй бүсгүйчүүдийн орыг харахад цэргийн хуаран нүдэнд үзэгдэх шиг. Хэдийгээр хорихын удирдлагууд тэдэнд асуулт тавьж болно гэсэн ч тэндхийн хүйт даасан, нам гүмхэн байдлыг эвдэж дуу гаргах зоримог бүсгүй даанч олдохгүй. Бүгд номхон команд авчээ. Энэхүү байр хоёр давхартаа номын сантай. Саяхан ХЭҮК-ийнхон эмэгтэйчүүдийн хорих ангид хүний эрх маш их зөрчигдөж байна гэсэн дүгнэлт гаргасан ч, энд ажиллах хянагч нарын ярихаар “Энд дарамт, шахалт байхгүй. Дотоод дүрэм журмаа мөрдөж ажилладаг” гэв. Гэхдээ л хүний эрхийг хянагч маань өөрөө зөрчигч байж болох. Хэрэв тийм бол тэдний амнаас олигтой үг сонсохгүй нь мэдээж.
Мөөгөнцөртөй өрөөнд 70 бүсгүй хоригдож байна
12:20. Сэтгүүлчдийн баг “Чанга дэглэмтэй бүс”-рүү зүглэхэд өөрийн эрхгүй сэтгэл түгшив. Хянагч бүсгүй төмөр хаалгыг нээх үед цаанаа л нэг ёозгүй төмөр хаалга бие арзас хиймээр дуугарна.
Хүмүүжигчдийн өрөөний хаалгыг нээлээ. Давхарласан зургаан төмөр орны өмнө хөвөнтэй бор өнгийн хүрэм өмссөн бүсгүйчүүд номхон зогсч харагдана. Тэд хүний амь нас хөнөөсөн, онц хүнд хэрэг үйлдсэн агаад 70-уулаа. Тэднийг ажиглавал, цаанаа л нүдэндээ гунигтай, сэтгэлийн шаналалд автсан нь илт. Өрөөний таазны хэсэг шавар нь халцарч, энд тэндгүй мөөгөнцөр үүсчээ. Чийг даасан зэвэргэн өрөөний булан тохой бүрт ан цав үүсчээ. Хянагч нарын бидэнд үзүүлсэн ганцхан өрөөний нөхцөл байдал ийм. Зэрэгцээ хоёр давхар орнуудын өмнө зогсох хүмүүжигч Б-ээс ганц нэг асуултад хариулт авлаа.
-Өөрөө ямар шийтгэл хүлээсэн бэ, Орчин нөхцөл чинь маш муу бололтой?
– Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 гэсэн заалтаар шүүхээс 17 жилийн хорих ял сонссон. Энэ нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг л дээ. Хоригдож байгаа өрөө маань гайгүй ээ.
-Дарамт шахалт байна уу, та нар үе үе эсэргүүцлээ илэрхийлдэг гэж сонссон?
-Дарам шахалт байхгүй. Бид нар өлсгөлөн зарлаж эсэргүүцэл илэрхийлээгүй.
-ХЭҮК-ынхон Эмэгтэйчүүдийн хорих ангид хамгийн их хүний эрх зөрчдөг гэсэн дүгнэлтийг өчигдөрхөн гаргасан байх юм билээ. Та бүхэн болохоор нөхцөл байдал сайн, энд ирсэндээ баяртай байна гэх нь холгүй зүйл ярих юм?
-Олон зүйл ярьж болохгүй шүү дээ. Ярихыг хориглосон.
Тэр ийн ярив. Түүний ярих, асуултад хариулах нь яг л урьдаас бэлдсэн юм шиг, автомат хариулагч аятай байсан. Хорих ангийн онцгой бүсэд эмнэлэг, тусгаарлах өрөө, шашны өрөөтөй. Эмэгтэйчүүдийн ар гэрт хагацал тохиолдох үед шашны өрөөнд арц хүж уугиулж, маань мэгзэм уншдаг гэнэ. Харин эмнэлгийн хувьд орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон авч тэрийг хэрэглэх боловсон хүчин байхгүй юмсанж. Ердөө үзүүлэн төдий. Тэнд ажиллах цорын ганц их эмчээс “Эмэгтэйчүүд ямар төрлийн өвчнөөр өвчилж байна? ” гэвэл “Артерийн даралт ихсэх” гэж хээв нэг хариулж зогсох нь дэндүү үнэмшилгүй сонсогдов. Учир мэргэжлийн бүү хэл энгийн миний нүдээр харахад тэнд амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтний архаг хурц үрэвсэл газар авсан бололтой. Чанга дэглэмтэй бүсээс сэтгүүлчдийн баг гарч 11 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн хамтлагын чадварлаг тоглолтыг үзэж сонирхсоноор аялал өндөрлөн буцаж цайны өрөөнд ирлээ.
Эмэгтэйчүүдийн хорих анги 01:15 цаг
Хорих ангийн хянагч нар сэтгүүлчдэд ярилцлага өгөх гурван эмэгтэйг дуудаж ирүүлэв. Тэдний нэг 45 настай эмэгтэй ярьж байна. “Арав гаруй жилийн хорих ял эдэлж байна. Удахгүй суллагдана. Бидний амьдарч буй орчин нөхцөл боломжийн. Эрх зөрчигдөж байна гэж ярьдаг эмэгтэйчүүдийн байгууллагынхан, төрд ажиллаж буй эмэгтэйчүүд нэг удаа ч гэсэн бидэнтэй биечлэн уулзаагүй шүү дээ” гээд цааш нь энд хоригдох хугацаанд эмэгтэйчүүд өөрсдийгөө боловсруулах бүрэн боломжтой гэв. Тэрбээр англи хэлийг богино хугацаанд аман болон бичгийн орчуулга хийх хэмжээнд суралцсан гээд цааш түүний яриа хагас цаг үргэлжлэв. Харин тэрбээр “Can you speak English?” гэсэн асуултад бүдэрснээр яриа төгссөн юм. Шороогоор шуурч, бага зэргийн цас хялмаалсан тэр өдөр эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлсэн “Хуульч сэтгүүлч клуб”-ынхан амьдралд алдаж гишгэсэн нэгнийнхээ дуу хоолойг сонсч, орчин нөхцөлтэй нь танилцсан нэг өдрийн аян үүгээр дууслаа. Тэр эмэгтэйн үг цаанаа л нэг өөр. Өөрөө биш, өөр хүний үгээр ярьж байх шиг байсан. Түүнд хэлэх, ярихыг нь заасан, заагаагүйг нотлох боломжгүй болохоор яалтай ч билээ.