Засаг даргаас ”муу” үнэлгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Засаг даргаас ”муу” үнэлгээ авлаа

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын тайлан, ажлын үр дүнг хэлэлцдэг. Хотын дарга Г.Мөнхбаяр энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын удирдлагуудад  “муу”  үнэлгээ өглөө. Хийх ажлын төлөвлөгөө графикийн дагуу гаргасан байхад шалтаг хэлээд сууж байна. Бид өнгөрсөн шуурхай хурлын үеэр шалтаг тоочихгүй үр дүнг хэлэлцэнэ гэсэн, харин  одоо шалтаг тоочоод сууж байна. Хотын даргаас шалтгаалах зүйл одоо байхгүй, та нарын хийх ажил үлдсэн байхад хариуцлагатай хандаад ажлаа хий гэсэн ширүүхэн үгсийг чулуудаж байсан.  Нийслэлийн ЗДТГ-аас  дөрөвдүгээр сараас эхлэн тохижолт, цэвэрлэгээ, хөдөлмөр эрхлэлт гэсэн үндсэн гурван чиглэлийг гол болгон ажиллаж байгаа.

Туул, Сэлбэ голыг 5000 хүн цэвэрлэнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Үүний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж,  байгууллага нийтийн цэвэрлэгээнд хамрагдаж байгаа. Харин энэ сарын сүүлийн бямба гаригт Туул, Сэлбэ голыг 5000 хүн цэвэрлэх юм байна. Хотын ерөнхий менежер Ч.Бат “Их цэвэрлэгээний ажлын дагуу гэр хорооллын хогийг цэвэрлэж дууссан. Одоо зуслангийн чиглэлийн цэвэрлэгээ хийж байгаа гэв. Харин хур хог цэвэрлэх ажил 30 хувьтай байгаа бөгөөд өгсөн үүрэг даалгаварын дагуу ажиллавал зургадугаар сард хур хогноос салах боломжтой” гэлээ.

Дүүрэг бүр усан бассейнтэй болох уу

Хүүхэд, залуучуулын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорил­гоор дүүрэг бүрт нэг усан бассейн барих шийдвэр өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Одоогоор зургаан дүүрэг усан бассейнтай болж, гурван дүүрэг бассейнгүй хоцрох нь. Учир нь хотын захиргаанаас төлөвлөж өгсөн газар нь орон сууцны шугам нь усан бассейны хэрэглээг хангах нь бүү хэл орон сууцаа арай ядан халаадаг гэх. Нэг бассейн есөн давхар гурван бай­­­­шинг халаах усны хэрэгцээг хэрэг­лэдэг учраас боломжгүй байгаа аж.

Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоог гаргаж чадахгүй байна

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Хөдөлмөрийн газраас ажилгүй иргэдийн тоог гаргах зорилгоор судалгааг дүүрэг бүрт хийж байгаа.  Гэтэл дүүрэг бүр өөр өөр асуулгаар судалгаа хийгээд байна. Судалгаа зөрүүтэй гарч байгаа учраас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран нэгдсэн асуулга, судалгааг гаргахаар болсон байна.

Хуримын ордон 35 жилийн ойг тэмдэглэнэ

Гэрлэх ёслолын ордон 1976 оны зургаадугаар сарын 14-нд байгуулагджээ. Энэ хугацаанд нийт 25 мянган залуу хосод үйлчилсэн байна. Залуу гэр бүлийн аз жаргалтай мөчийг тэмдэглэн, ёслодог энэ ордон 34 жил үйл ажиллагааг явуулж иржээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр ирэх сарын 14-нд гэрлэх ёслолын ордон 35 жилийн ойг тэмдэглэх юм байна. Ойн үеэр “Хосын аялал”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ аялалд хосуудыг оролцохыг уриалж байгаа аж. Аялалд Буриад, Өвөрмонголын хосууд оролцох ажээ.

Тавдугаар сарын 15-н  “мод тарих”  өдөр

Нийслэлийн иргэд энэ сарын 15-ны өдрийг мод тарих өдөр болгон тэмдэглэнэ. Хотын дарга Г.Мөнхбаяр энэ өдрөөс өмнө бүх усалгааны системийг ашиглалтанд оруулах үүрэг өглөө. Тэр дундаа ногоон байгууламжийн усалгааг ашиглалтанд оруулах ажлыг ирэх долоо хоногт хийж эхлэх хэрэгтэй гэв. Мөн энэ сарын 15-нд халаалт дулааныг зогсоож, засвар, шинэчлэлт, тохижилтийн ажил хийгдэнэ. Ха­риуц­сан ажлаа цаг  хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэг нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн.

Утааны байцаагчтай болно

Утаатай дулааны улиралд ч тэм­цэх урилга нийслэлийн удирдлагууд гаргасан. Энэ уриалгын дагуу Баян­­­зүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино­хайрхан дүүрэгт хязгаарлалтын бүс тогтоохоор болсон.  Хязгаарлалтын бүсэд хэсгийн ахлагч нар утааны байцаагч болох бөгөөд байцаагчид айл өрхийг түүхий нүүрс түлэхгүй байх тал дээр анхаарч, хяналт шалгалт хийнэ. Утааны байцаагчид хийсэн ажлынхаа үр дүнг цалингаасаа харж болох нь ээ.  Хязгаарлалтын бүсэд багтсан газар стандартын шаардлага хангасан зуух, нар салхины эрчим хүч, сөрөг нөлөөгүй,  хямд цахилгаан хэрэглэх зэрэг давуу талтай ажээ. Түүнчлэн энэ бүсэд багтсан өрхөд тодорхой шаардлага хангавал 18:00-08:00 цагийн хооронд цахилгаан, эрчим хүч 50 хувийн хямдралтай эдлэх боломжтой гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж